02/06/2026
“Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” арга хэмжээний үеэр хүүхдийн зургийн тэмцээн зохион байгуулж, бяцхан уран бүтээлчдийг урамшуулсан Global Talk компанийн захирал болон хамт олонд Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлье.
Хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөллийг дэмжсэн энэхүү сайхан санаачилга нь арга хэмжээг илүү өнгөлөг болголоо.
Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай.
31/05/2026
Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Унгар дахь Монголчуудын нэгдсэн холбоотой хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” баярын арга хэмжээг зохион байгуулав.
Элчин сайд Н.Энхтайван арга хэмжээнд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнагдсан хоёр ээжид одон гардууллаа.
Энэхүү арга хэмжээнд нийт 108 хүүхэд оролцсон бөгөөд “Дүүлэн нис” бүжгийн клуб Унгар дахь Монгол оюутаны холбоо, Global Talk компани нар арга хэмжээг дэмжиж оролцлоо.
30/05/2026
Элчин сайд Н.Энхтайван Сегед хотод ажиллав.
Сегед хотын дэд дарга Нодь Шандор Элчин сайд Н.Энхтайваныг хүлээн авч уулзан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үер болон гангийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл, тогтвортой хөгжлийн бодлого, дэд бүтцийн шинэчлэл болон гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр төслүүдийн талаар танилцуулав. Уулзалтын үеэр талууд цаашид Сегед хот болон Монголын аль нэг хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох боломжийг судлан ажиллахаар тохиролцов.
Элчин сайд Н.Энхтайван 30 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Сегедийн өдөрлөг”-тэй танилцав. Энэхүү өдөрлөгийн гол онцлог нь Унгар улсад вино үйлдвэрлэгч бүх үйлдвэрүүд (нийт 153) оролцож виногоо амтлуулж, сурталчилдаг уламжлалтай ажээ. Үүнээс гадна өдөрлөгийн үеэр Унгар үндэсний хоол хүнс, уламжлалт бараа бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгууллагддаг юм байна.
Мөн Элчин сайд Н.Энхтайван Сегедийн Их Сургуулийн төв номын санд тус хотод суралцаж буй монгол оюутнуудтайгаа уулзаж, тэдний хичээл сургуулийн байдал, оюутны амьдрал, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсож, цаашид боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
28/05/2026
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсад суралцдаг монгол оюутнуудын төлөөлөлтэй зоог барьж, чөлөөт яриа өрнүүллээ.
Оюутнууд Унгар Улсад суралцахын давуу тал, мөн суралцах хугацаандаа тулгардаг бэрхшээлийнхээ талаар чөлөөтэй ярилцлаа. Элчин сайд хариуд нь өөрийн оюутан цагийн дурсамжаасаа хуваалцаж, залуустаа зөвлөгөө өгөв.
Элчин сайдын яамны зүгээс гадаадад суралцаж буй монгол оюутнуудтайгаа байнгын холбоотой ажиллах нь нэн чухал гэдгийг онцолж цаашид ч залуустайгаа тогтмол уулзаж, тэдний сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
25/05/2026
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд үзүүлж буй консулын үйлчилгээний талаарх танилцуулга, мэдээллийг иргэд Та бүхэнд хүргүүлж байна.
1. Та бүхэн дараах холбоосыг ашиглан цаг авна уу. https://form.jotform.com/253064145270349
2. Зарим төрлийн итгэмжлэлийг цахимаар үйлдэх бүрэн боломжтой болсон. Та https://consul.notary.mn хаягаар орж бүртгэл үүсгээд цахим итгэмжлэл илгээх боломжтой.
Цахим итгэмжлэл хийх дэлгэрэнгүй заавар, зөвлөмж байхгүй улмаас буруу үйлдэж, цаг алдах асуудлууд гараад байгаа тул бид зааварчилгаа бүхий видео бичлэгийг оруулахаар бэлтгэж байна.
Харин үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл бол биечлэн ирэх шаардлагатай. Энэ нь Таныг аливаа залилан, үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм шүү.
3. Төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэл хийлгэхэд шаардлагатай мэдүүлгийн маягт болон өргөдлийн загварыг Та манай чатаар холбогдон автомат хариулагчаас татаж авах боломжтой.
4. Oрчуулга, лавлагаа, тодорхойлолт авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар ирүүлээд цахимаар орчуулга, лавлагаа, хүүхдийн нэрний тодорхойлолт авах боломжтой.
5. Хэрэв Та консулын үйлчилгээний талаар холбогдох бол +36 1212 5731 утасны дугаараар, бусад асуудлаар +36 1212 4579 утасны дугаараар холбогдоно уу.
6. Ажлын бус цагаар Танд нэн яаралтай мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах шаардлага гарвал +36302080427 дугаараар холбогдоно уу.
Жич: Элчин сайдын яам нь Унгар Улсын баяр ёслолын өдрүүдээр ажиллаж, Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу амарна.
Тухайлбал, өнөөдөр буюу 2026.05.25-ны өдөр /Pünkösdhétfő/ Элчин сайдын яам ажиллаж, ирэх 7 хоногт буюу Хүүхдийн баярын өдрөөр /2026.06.01/ амарна.
23/05/2026
Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ "Гүем" сургуультай хамтран Үсэглэлийн баяр болон хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү ёслолын арга хэмжээнд "Гүем" сургуулийн нийт 24 хүүхэд, түүний дотор Мур хотын салбарын 11 хүүхэд оролцлоо. Эх орноосоо алслагдан Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүд эх хэл, бичиг үсгээ эзэмшин, монгол соёл, өв уламжлалаа таниж мэдэх боломжийг "Гүем"сургууль бүрдүүлэн ажиллаж байгаа нь үнэхээр үнэтэй үйлс болж байна.
Арга хэмжээнд Элчин сайд Н.Энхтайван оролцож, хүүхдүүдэд урмын үг хэлэв. Элчин сайд "Гүем"сургуулийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл багш болон хамт олонд талархал илэрхийлж, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Унгар Улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэл, үндэсний соёлоо хадгалан хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Ялангуяа уг сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг маш чухал болохыг онцлов.
Үйл ажиллагааны төгсгөлд Элчин сайд Н.Энхтайван хичээлийн жилийг амжилттай дүүргэсэн хүүхдүүдэд батламж гардуулав.
Гүем Унгар дахь Монгол Сургууль
23/05/2026
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Михай Иллэш, Миклош Яцкович нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд асан Михай Иллэш, Миклош Яцкович нар Монгол Улсад ажиллаж байсан туршлагаасаа хуваалцан, санал зөвлөгөө өгч цаашид ЭСЯ-ны үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийллээ.
Монголын нийгэм, соёл, ард түмний онцлогийг сайн мэдэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцааны хөгжлийн түүхэн үйл явцад биечлэн оролцож, хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай дипломатчидад Элчин сайд Н.Энхтайван талархал илэрхийлэв.
Дашрамд дурдахад, Миклош Яцкович нь 1990-1996 онд, Михай Иллэш 2004-2006 онд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан билээ.
22/05/2026
Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яам, Эөтвөш Лорандын Их Сургуулийн (ELTE) Монгол, Төв Ази судлалын тэнхимтэй хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Будапешт хотноо амжилттай зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд Монгол, Унгар, Солонгос, Турк, Хятад, Герман, Их Британи, Малайз, Канад, Польш зэрэг 10 орны тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 40 гаруй судлаач хуран цуглаж, илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлыг Унгарын Монгол судлалын нэрт судлаач, профессор Кёхалми Каталины багшийн алдарыг тэмдэглэх хүрээнд түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Хурлын нээлтэд Элчин сайд Н.Энхтайван оролцож, үг хэлэхдээ хоёр орны монгол судлалын чиглэлээрх хамтын ажиллагаа, олон жилийн харилцааг онцлон тэмдэглэж, цаашид архив, гар бичмэлийн сан хөмрөгийг тоон хэлбэрт оруулах, харьцуулан судлах, хамтран хэвлэн нийтлэх зэрэг чиглэлээр Монгол, Унгарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болохыг дурдав. Мөн 2026 оны 8 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын Монголч эрдэмтдийн XIII их хурлын талаар мэдээлж, хуралд цугласан эрдэмтэн судлаачдыг идэвхтэй оролцохыг урив.
20/05/2026
Тэтгэврийн асуудлаар Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж
Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа Унгар Улсын Тэтгэврийн ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж, Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоолгоход гардаг асуудлаар санал солилцож, мэдээлэл авав. Тус уулзалтын мөрөөр иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна.
Монгол Улс, Унгар Улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр /цаашид “Хэлэлцээр” гэх/-ийг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, хоёр тал соёрхон баталснаар 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.
Хэлэлцээрээр хоёр талын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн давхардаагүй хугацааг нэгтгэн тооцуулах Монгол Улсын болон Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацааны дагуу тус улсад тэтгэвэр тогтоох, олгох харилцааг зохицуулж байна. Хэлэлцээрт тэтгэврийн даатгалын сангаас олгох өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарч байна.
Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу 2025 онд 22 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
Тухайлбал, Монгол Улсад 14 жил, Унгар Улсад 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, 60 нас хүрсэн Монгол Улсын иргэнд тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийн нийт 35 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тогтоож, үүнээс Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 14 жилд ногдох тэтгэврийг тооцож Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас, Унгар Улсын хууль тогтоомжид заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл /нас/-ийг хангасан тохиолдолд 21 жилд ногдох тэтгэвэрээ унгарын талаас авах боломжтой юм.
Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн уг хугацаандаа Монгол Улсын тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол тухайн давхардсан хугацаа нь Унгар Улсад өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд тооцогдохгүй болно.
Харин Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу 1957 он болон түүнээс хойш төрсөн иргэд хүйсээс хамаарахгүй 65 насандаа тэтгэвэр тогтоолгоно. Хэрэв 40 ажилласан жилийн хугацаа 40 жилийг давсан бол эмэгтэйчүүд 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой.
Будапешт хотод байрлах Тэтгэврийн ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэс нь гадаад иргэдийн тэтгэвэр тогтоох асуудлыг бүрэн хариуцан ажилладаг байна. 2011 онд хоёр талт хэлэлцээр байгуулагдснаас хойш Монгол Улсын 363 иргэн тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлт гаргасан бөгөөд үүний 92 хувийг эерэгээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох Монгол Улсын 10 иргэний хүсэлт шийдвэрлэлтийн явцдаа байна.
Монгол Улсын иргэний аливаа хүсэлт өргөдлийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл, лавлагаа хүсдэг тул энэ нь өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлт удаашрах нэг үндэс болдог байна. Хэрэв өргөдөл гаргагч Унгар Улсын орон нутгаас хүсэлт гаргаж байгаа нөхцөлд тус хүсэлтийг Будапешт хот руу уламжилж, шийдвэрлэдэг тул цаг хэмнэх үүднээс Монгол Улсын иргэд хүсэлтээ Будапешт дахь төв оффист шууд гаргах боломжтой гэдгийг мэдээлэв.
Хоёр улсын эрх зүйн орчин, тэр дундаа тэтгэвэр тогтоох насны хязгаар зөрүүтэй байгаа нь хүндрэл дагуулж байгааг тул иргэдийн зүгээс анхаарах хэд хэдэн асуудал байгааг онцлов. Тухайлбал:
1. Унгар Улсын хуулийн дагуу өөр улсад тэтгэврээ тогтоолгосон бол тухайн иргэнийг албан ёсоор тэтгэврийн насны хүн гэж тооцно. Иймд эх орондоо тэтгэвэр тогтоолгосноосоо хойш ажилласан жилийг Унгар Улсад тэтгэвэр тогтоолгоход тооцох БОЛОМЖГҮЙ тул Монголд тэтгэврээ тогтоолгохдоо үүнийг анхаарах шаардлагатай байна.
2. Хэрэв Монгол Улсад тэтгэврээ тогтоолгосны дараагаар Унгар Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогчдоо болон Унгар Улсын тэтгэврийн газарт заавал мэдэгдэх шаардлагатай. Ингэснээр ажил олгогч болон ажилтан тэтгэврийн даатгал төлөх шаардлагагүй болдог. Гэтэл тэтгэвэрт гарсан тухайгаа мэдэгдээгүй улмаас шаардлагагүй татвар төлж, иргэд болон ажил олгогчид хохирч байна.
3. Ажил олгогчдоо болон Тэтгэврийн газар мэдэгдсэн хэдий ч тэтгэврийн татвар төлсөн хэвээр байгаа бол Унгар Улсын Татвар, гаалийн газар хүсэлт өргөдөл гаргаж, төлсөн татвараа 5 жил хүртэлх хугацаагаар буцаан авах боломжтой.
Хэрэв Монгол Улсын иргэд ажил олгогчийн алдаатай үйлдлийн улмаас Унгар Улсад ажилласан жилээ дутуу бодуулж, тэтгэвэр тогтоолгосон бол дараах нотлох баримтыг цуглуулж, ажилласан жилийг нөхөн тооцох асуудлаар Унгар Улсын Тэтгэврийн даатгалын ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэст хүсэлт өргөдөл гаргах боломжтой. Үүнд:
- 1992 оныг хүртэл Унгар Улсад хөдөлмөрийн книжкa ашигладаг байсан бол 1992 оноос хойш одоог хүртэл нийгмийн даатгалын дэвтэр ашиглаж байгаа тул энэхүү дэвтэр байгаа тохиолдолд
- 1997.12.31-ний өдрийг хүртэлх хөдөлмөр эрхэлсэн асуудлыг гэрчийн мэдүүлэг байгаа тохиолдолд,
- 1998.01.01-ний өдрөөс хойшх хугацаанд ажилласан гэдгээ нотлохын тулд хөдөлмөрийн гэрээ, хөрөнгө оруулгын албан татвар төлсөн тухай мэдүүлэг, цалин хөлс авч байсан хүснэгт /сар болгоны бохир болон цэвэр цалин гаргасан байх/ зэрэг нотлох баримт бичиг байгаа тохиолдолд холбогдох хүсэлт өргөдөл гаргах боломжтой.
Хэрэв Таны хүсэлт өргөдөл нааштайгаар шийдвэрлэгдэж, ажилласан жилийг нэмж, тэтгэвэр дахин тогтоох тохиолдолд тэтгэврийн зөрүүг 6 хүртэлх сараар бодож, олгох боломжтой байдаг байна.
Иргэд Та бүхэн тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол Элчин сайдын яамны конcултай /манай page хуудасны чатаар, +36 1212 5731 утсаар болон [email protected] хаягаар/ холбогдох, цаг товлож уулзах боломжтой.