04/06/2026
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Уг хуулийн төсөл нь ажил хөдөлмөр эрхэлж буй ахмад настнуудыг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхдөө нас, нөхцөлөөр ялгаварлаж байсан өнөөгийн хуулийн цоорхойг засах, тэр дундаа Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд насаараа зүтгээд цэргийн тэтгэвэрт гарсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь заалтаар зөвхөн "20-иос доошгүй жил шимтгэл төлж, 65 нас хүрсэн" ахмадыг тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлдөг. Гэтэл бодит байдал дээр өндөр насны тэтгэвэр тогтоолгодог 7 төрлийн зохицуулалт байдаг бөгөөд одоогийн хууль зөвхөн ганцхан нөхцөлийг нь авч үзсэн байна.
Үүний улмаас:
• Цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд
• 4 хүүхэд төрүүлж, 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд
• Малчид
• Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил хөдөлмөр эрхлэхдээ дахин шимтгэл төлж, ялгавартай нөхцөлд өртөөд байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар тэтгэвэр авахын зэрэгцээ ажил хийж байгаа 62.2 мянган иргэн байгаагаас 53.2% (33.1 мянга) нь шимтгэлээс чөлөөлөгдсөн бол, үлдсэн 46.8% буюу 29.1 мянган ахмад настан, цэргийн тэтгэвэр авагчид болзол хангаагүй гэх үндэслэлээр шимтгэл төлж, хохирч байна.
Батлан хамгаалахын сайдын зүгээс тус хуулийн төслийг дараах үндэслэлээр бүрэн дэмжиж байна. Хууль батлагдсанаар:
• Нас харгалзахгүйгээр хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон БҮХ иргэн ажил эрхлэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтоо хийх эрхтэй болно.
• Цэргийн тэтгэвэртээ гарсан ч мэдлэг, чадвараа дайчлан хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагчдын санхүүгийн ачаалал буурна.
• Ахмад настныг ажиллуулж буй байгууллагын төлөх шимтгэлийн ачаалал буурснаар ахмадуудын хөдөлмөр эрхлэлт бодитоор дэмжигдэх юм.
Төрийн төлөө тангараг өргөж зүтгэсэн цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гарсан хойно нь нас, нөхцөлөөр ялгаварлахгүй байх тэгш эрхийн зарчмыг УИХ-ын гишүүд нэгдсэн байр суурьтайгаар дэмжин батална гэдэгт итгэлтэй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нарын хамт УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр өргөн мэдүүллээ.
04/06/2026
“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН 11 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ.
2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулж байгаа юм.
Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн суудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нарийн даргын орлогч М.Лейтер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог болж байна.
Бага хурлын хүрээнд зохион байгуулах үндсэн таван сэдвийн хуралдаанд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс ЗХА-ийн аюулгүй байдлын тулгамдсан сорилт, боломжууд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлнэ. Түүнчлэн шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжлэх бөгөөд хиймэл оюуны асуудалд төвлөрч, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал солилцоно.
Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулах ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
04/06/2026
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАРЬЯА БҮХ АНГИ, НЭГТГЭЛД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ДОТОР ХИЙНЭ
#ЦэргийнАлбыгЭрсдэлээсЧөлөөлье
04/06/2026
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАРЬЯА ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДАД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ 6 ДУГААР САРЫН 20-НЫ ДОТОР ХИЙНЭ
Батлан хамгаалахын сайд Д.Батлут БХЯ-ны харьяа байгууллагууд болон ЗХЖШ-ын харьяа цэргийн бүх ангийн хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг холбогдох удирдлагуудад өглөө. Үүний дагуу БХЯ, ЗХЖШ-ын хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж эхлээд байна.
Үнэлгээгээр цэргийн ангиудын байршил, сургалт бэлтгэлийн орчин, харуулын алба болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад гарч болзошгүй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлэх, илэрсэн эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээг цаг тухайд нь авч, цаашид хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.
Аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн хяналт шалгалтыг 6-р сарын 20-ны дотор зохион байгуулж, илэрсэн зөрчил, цаашид анхаарах санал зөвлөмжийн нэгдсэн тайланг 7-р сарын 2-ны дотор танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
03/06/2026
👏
БАЙЛДАГЧ М.АРОН ЦЭРГИЙН АЛБАНААС СУРГУУЛИА ДҮҮРГЭЖ, ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Хугацаат цэргийн алба хааж буй дайчид албандаа шамдахын зэрэгцээ боловсрол, мэргэжлээ дээшлүүлэн хөгжих боломжтойг харуулсан нэгэн бахархам үйл явдал Зэвсэгт хүчний 327 дугаар ангид боллоо.
Тус ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч М.Арон цэрэгт татагдахаасаа өмнө Монгол-Солонгосын Политехник коллежийн төгсөх курсийн оюутан байсан юм.
Тэрээр алба хаах хугацаандаа цахим сургалтаар хичээлээ үргэлжлүүлэн судалж, шалгалтуудаа амжилттай өгч, улмаар саяхан төгсөлтийн баяртаа оролцож, дипломоо гардан авсан юм. Байлдагч М.Арон сэтгэгдэлдээ “Цэргийн албанд ирэхдээ сургуулиа нэг жил завсардах байх гэж бодож байсан. Гэвч анги, байгууллагын удирдлагаас суралцах боломжийг бүрэн бүрдүүлж өгсний ачаар цахимаар хичээлээ үргэлжлүүлэн судалж, төгсөж чадсандаа маш их баяртай байна. Энэ боломжийг олгосон ангийн удирдлагуудад баярлалаа” гэсэн юм.
Энэхүү үйл явдал нь хугацаат цэргийн алба нь залуусыг сахилга бат, тэсвэр хатуужилд сургахаас гадна боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгодог бодит талбар болохыг гэрчилж байна.
Дэслэгч Б.СУГАРМАА
03/06/2026
🇲🇳 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО ТӨРИЙН ДЭЭД “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА
▪️ Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
▪️ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Амжилт ололт, яруу алдрын түүхэн 80 жилийнхээ хугацаанд цэргийн буюу нийгмийн дунд “Алдар”-ын гэж алдар нэр нь түгсэн тамирчдын дундаас
✅ Олимпын наадмаас
1 алтан медаль,
4 мөнгөн медаль,
4 хүрэл медаль,
✅ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
12 алтан медаль,
22 мөнгөн медаль,
41 хүрэл медаль,
✅ Ази тивийн аварга, тивийн тоглолтын аварга 45, мөнгө, хүрэл 63 медалийг тус тус хүртжээ.
▪️ Мөн “Алдар”-аар овоглосон монголын шилдэг тамирчдын дундаас хөдөлмөрийн баатар 7, төрийн соёрхолт болон ардын цолтон 6, гавьяат багш 7, гавьяат дасгалжуулагч 25, гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 71, гавьяат нисгэгч, гавьяат хуульч, үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат эмч, гавьяат жүжигчин төрөн гарсан.
▪️ Түүнчлэн бөхчүүдийн дундаас улсын аварга 13, арслан 18, гарьд 4, заан 23, харцага начин цолтон 100 гаруй төрөн гарч Монгол түмний бахархал омогшил болсон Манлай уяачид, үндэсний сур, шагайн харвааны 37 мэргэн харваачдыг эгнээсээ төрүүлснээс гадна, Монгол улсын спортын төрлүүдийн дээд амжилтыг давхардсан тоогоор 1719 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяаны эзэн “Алдар” спорт хороо юм.
▪️ Өмнө нь тус хороо “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан бол ийнхүү 80 жилийнхээ ой дээр “Сүхбаатарын одон”-оор түүхэн гавьяагаа бататгаж байна.
▪️ Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үе үеийн тамирчид, албаны бусад төлөөлөгчид оролцов.
#БатланХамгаалахЯам
#АлдарСпортХороо