02/06/2026
Аймгийн Засаг дарга Н.Энхбат Засаг даргын зөвлөлийн гишүүдтэй хуралдлаа.
Хурлаар 2026 оны эхний хагас жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэн дүгнэж, цаашид гэрээ байгуулан эхлүүлсэн төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй, чанартай зохион байгуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв.
Мөн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн B38 дугаар тушаалаар Батбаярын Дэжидийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон шийдвэрийг гардуулж, ажлын амжилт хүслээ.
01/06/2026
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН ЦАГТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЛЭЭ.
Аймгийн Засаг даргын захирамжаар төрийн байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын цагийг 08:00-17:00 цаг болголоо.
Иргэд, олон нийт та бүхэн дээрх хугацаанд төрийн байгууллагуудаар шинэ цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү.
01/06/2026
Цагаан хад суурьшлын бүс сургуультай болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзалт хийж энэ үеэр Цагаан хад суурьшлын бүсэд "Бага сургууль" барихаар харилцан санал солилцлоо.
Алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангаас ХААН Банктай хамтран 2025 оноос “Багийн бага сургууль” төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг санхүүжилтээр дэмжин хамтран ажиллаж, 2025 онд Увс, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт 4 бага сургууль барьж өгсөн бөгөөд энэ жил Боловсролын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад суурьшлын бүсэд "Бага сургууль" барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Өмнөговь аймгийн ЗДТГ Боловсролын яамтай хамтран хилчид, Шивээхүрэн боомтын алба хаагчдын хүүхдүүдийн сурах эрхийг хангаж, Гурвантэс сумын Бага овоо багийн нутаг Овоотын хилийн заставт бага сургууль байгуулсан бол энэ удаа ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгээр дахин нэг шинэ сургууль барихаар боллоо.
Орон нутгийн зүгээс бага сургуулийн зураг төсвийг боловсруулах ажлыг удахгүй эхлүүлж, Цагаан хад суурьшлын бүсийг тосгон болгох, тус бүсэд эмнэлэг, Онцгой байдлын газар, төрийн үйлчилгээний төв зэргийг байгуулж, иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх тухай саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Н.Энхбат онцоллоо.
Ингэснээр Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчид, малчид, бизнес эрхлэгч иргэдийн 150 гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа дэргэд боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болох юм.
01/06/2026
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТОД "ХОТЫН ХҮҮХДҮҮД" ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж буй "Хотын хүүхдүүд" хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.
Баярын арга хэмжээ Даян хааны талбайгаас 5 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай хүртэл үргэлжилсэн хүүхдийн парад жагсаалаар эхэлж, ерөнхий боловсролын сургуулиуд,хүүхдийн байгууллагуудын төлөөлөл болсон хүүхэд багачууд, эцэг эхчүүд өргөнөөр оролцлоо.
Хүүхдийн хөгжил, оролцоо, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаагаар үргэлжилж байна.
Эх орныхоо ирээдүй болсон нийт хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.