22/10/2025
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын нэр хүндэд халдсан, түүнийг эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт холбон гүтгэсэн байж боломгүй, худал мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч С.Батболдыг “20 жилийн өмнө Малайз Улсад харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэний гэр бүлд очих нөхөн төлбөрийн мөнгийг хувьдаа авсан” гэх хүний ёсонд байж боломжгүй үйлдэлд буруутгасан худал мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр үрэгдсэн харамсалтай хэрэг гарах үед С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд монголын бүх иргэдийн адил эмгэнэлт явдалд гүнээ харамсан хүлээж авсан байдаг.
Хожим нь 2008 онд С.Батболд Гадаад харилцааны сайдаар томилогдсоныхоо дараа уг хэрэгт онцгой анхаарал хандуулан, хэргийг хоёр орны харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүртэл хүчин чармайлт гарган ажилласан. Уг жигшүүрт хэргийг шийдвэрлэх үйл явцад ямар нэгэн улс төрийн нөлөө оруулахгүй байх, гэмт этгээдүүдэд хууль ёсны шийтгэлийг нь оногдуулахыг шаардсан захидлыг Малайзын Гадаад хэргийн сайд доктор Райс Ятим Дато Сери Утамд хүргүүлж, мөн ондоо багтаан Малайзын талаас албан ёсны хариу авч ажилласан. Малайзад явагдаж буй шүүх хурлын явцыг байнга ажиглаж, тус улсад Гадаад харилцааны яамнаас тусгай элч томилох ажлыг зохион байгуулж, мухардалд ороод байсан хэргийг мөрдөх, шүүх ажиллагааг дахин эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг гэрчлэх олон хүн, архивын материалууд бий.
Мөн Ерөнхий сайд асан С.Батболдыг Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь мөн л ор үндэсгүй гүтгэлэг юм. 2011 онд манай улсад хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байсан гэх гадны бизнесмэнүүдийн хоорондын яриа хэлцлийг энэ асуудалд ямарч холбоо хамааралгүй С.Батболдтой холбон гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр улиг болтол гүтгэсэн, ор үндэсгүй, хуучирсан гүтгэлэг юм.
Монголд гүтгэлэг доромжлол нь үнэнд гүйцэгдэхээрээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй, худал гүтгэлэг тараагаад түүнийгээ “иш татан” гүжирддэг технологи нь нийгэм улс төрийн хүрээнийхэнд хэдийн танил болсон, явуургүй, хулчгар үйлдэл юм.
С.Батболд нь бүхий л цаг хугацаанд шударга ёс ялж, жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүлээн С.Шаарийбуу гуай охиныхоо амь насны нөхөн төлбөрийг хууль ёсны дагуу авах ёстой гэсэн хөдөлшгүй байр суурьтай байсан.
Миний үйлчлүүлэгч С.Батболд болон түүний өмгөөлөгчийн хувьд бид үрээ алдсан эцэг хүний сэтгэл, олон жилийн мятаршгүй тэмцэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн С.Шаарийбуу гуайд ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй, түүний үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байгаагүй, гаргахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Харин энэхүү эмгэнэлт явдлыг өөрсдийн улс төрийн бусармаг үйлдэлдээ ашиглан гүтгэлэг тарааж буй хүн чанар, хүнлэг сэтгэлгүй, хүний ёсноос гажууд үйлдэл гаргагч этгээдүүдийг хууль, шүүхийн байгууллагад хандан шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгохоо мэдэгдэж байна.
Уг асуудалтай холбогдолтой архивын материалуудаас хавсаргав.
Мэдэгдэл гаргасан: МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын өмгөөлөгч Т.Гантулга
2025.10.20
13/05/2024
Говьсүмбэр аймагт 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 102.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.
Өнөөдөр эдгээр бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо.
✅ Баянтал сумын төвийг босоо тэнхлэгийн замтай холбох авто замын ажил
✅ Говьсүмбэр аймгийн Ахмадын өргөөний барилгын ажил
✅ Сүмбэр сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил
✅ Сүмбэр сумын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил
21/04/2024
Манлай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит барилдаан боллоо
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Л.Пүрэвжав харцагад УИХ-ын гишүүн С.Батболд, Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Мөн Улсын харцага Л.Пүрэвжавын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулсан юм.
Барилдаанд улс аймгийн цолтой хүчит 128 бөх барилдаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Барилдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол бөхийн өргөөнд хуран цугласан бөх сонирхогчид, бөхийн хорхойтнууд, уран мэхийг уралдуулан барилдаж буй хүчит бөхчүүд, Дундговьчуудынхаа энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.
Дундговийнхоо
Дуун дээр нь дуу нэмсэн
Хур харцагын хур удам
Хуур харцага гэж түмэн олондоо алдаршсан Говь нутгийн хүчит бөхчүүдийн манлай Пүрэвжав харцага маань аймгийн заан, аймгийн арслан, улсын начин гэсэн гурван цолыг алгасан бяр хүчээ гайхуулан улсын харцага цолыг хүртэж байсан. Өнөөдөр ч Пүрэвжав харцага маань баяр наадам болоод бусад барилдаанд тогтмол амжилттай барилдаж, бөх сонирхогчид, нутгийн олноо баясгаж явна аа.
Нутгийн хүчтэн, Төрөлх нутаг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Пүрэвжавтаа спортын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол түмний минь хийморь үргэлж өөдөө байх болтугай” гэв.
29/02/2024
Эх орончдын өдөр, Монголын Улс төрийн
ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны
түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🇲🇳 🇲🇳 🇲🇳
УИХ-ын гишүүн Сүхбаатарын БАТБОЛД
09/02/2024
Монгол түмний үндэс угсаагаараа бахархаж, төрт ёс, уламжлалт зан заншлаа хүндэтгэн эв эеэ эрхэмлэн дээдэлдэг Сар шинийн баярын мэндийг айлтган мэндчилье.
Ирж буй "Хилэнт эх" хэмээх модон луу жилдээ Та бидний үйлдэл төр эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйл ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сүхбаатарын Батболд - Batbold Sukhbaatar
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан
01/02/2024
УИХ-ын гишүүн С.Батболд Эдийн засгийн чуулган, бүсчилсэн хөгжил улсын зөвлөгөөний Говийн бүсийн хөгжлийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг
УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН, БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
Говийн бүсийн хөгжлийн бодлогыг хэлэлцэхээр говь нутгаар овоглосон ард түмнийг төлөөлөн ирсэн төлөөлөгчид болон энд цугласан бусад оролцогч Та бүхний энэ өдрийн ...
29/01/2024
Эрчим хүчний хамгийн том нөөц говийн бүсэд байна. Үүн дээр суурилан "Говийн ногоон эрчим" хүч бий болгох боломжтой.
Монголын Эдийн Засгийн Форум 2024 - Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн: Говийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгээс…
#БүсчилсэнХөгжил #ГовийнБүс
29/12/2023
#Үндэсний эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье!🇲🇳🇲🇳🇲🇳
Тэртээ 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулжээ. Тодруулбал, энэ өдөр Монголчууд тусгаар улс болж, язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулж байжээ.
Ийнхүү Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, 220 жил Манж Чин гүрний эрхшээлд байсныгаа эцэслэж, тусгаар тогтнолоо зарласан буюу албан ёсны нэршлээр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой энэ өдөр тохиож байна.
26/11/2023
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймагт шинээр эхлэх болон үргэлжлэн хэрэгжих онцлох бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна.
Дэд бүтэц, ерөнхий боловсролын сургуулийн барилгууд, эрүүл мэндийн төвийн барилга, соёлын төвийн барилга, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг 30 гаруй төсөл, арга хэмжээ 2024 оны улсын төсөвт тусгагдаад байна.
26/11/2023
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр аймагт шинээр эхлэх болон үргэлжлэн хэрэгжих онцлох бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна.
Дэд бүтэц, ерөнхий боловсролын сургуулийн барилга болон түүний өргөтгөл, ахмадын өргөөний барилга, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг 10 гаруй төсөл, арга хэмжээ 2024 оны улсын төсөвт тусгагдаад байна.