11/12/2025
Маралмаа миний охин, Охин хүүхэд өөрөө очдоггүй юм шүү дээ...
Багаяагийн бие гэнэт муудахад Маралмаа аавыгаа " алдчих" вий гэж айсандаа Шадав нь авна уу Готов нь авна уу хамаа алга, би л аавыгаа асрах минь гэж хэлээд гүйн тусан хонио шилбүүрдэнгээ хотноос нь тууж явах үед , Багаяагийн хэлдэг дээрх үг сэтгэлийг минь хамгийн их хөдөлгөдөг хэсэг.
Хөдөөгийнхөн ядарсан ах дүүгээ хажуудаа "чирч" яваа нэрээр хэрхэн зарцалдгийг Шадаваас харж болно. Тэрээр дүүгээрээ малаа голчлон маллуулж мөн үхэж хорогдсон малаа дүү дээрээ тоолуулснаар хэрхэн сумын аварга малчин болсон зэргээс.
Нэг үзэгдэл дээр Шадавын дүүгийн эхнэр Мядаг Багаяад : Та бид хоёрт хонио өгчхөөд эмнэлэг бараадвал яасийм дээ гэхэд, Багаяа: Хээцэс, жилийн 10, 20 төлийн бодь хөтөлчихдөг улсад олны энэ их хөрөнгийг үлдээчхээд юу бодож хэвтэх вэ дээ, гэсний хариуд, Яривал ч их зовлон байнаа гэж хэлээд санаа алдаад гараад явна. Энэ цаг үеийн Мядаг байсан бол аль хэдийн Шадавын булхайг үүрч яваагаа хэлээд тавих байсан болов уу.
Багаяа, Мядагт хатуухан үг хэлсэн дээ зовнин: Хөөрхийг гомдоочхов уу даа гэж хэлж буй нь хайр нь дотроо ч хал нь гаднаа, нутгийн нуруу болж явдаг буурлуудыг эрхгүй санагдуулдаг.
Хүндэтгэн хайрлаж явдаг буурлаасаа зэмлэл хүртсэн Мядаг гэрээс гараад үүрч ирсэн аргалаа, гадаах арагт хийж суллаад хоосон аргаа үүрээд явдаг хэсэгт, хүн хүндээ чадах ядахаараа жижиг зүйлсээр ч болов тусалж явахын учир, түүнчлэн айлд хоосон ордоггүй Монгол сайхан уламжлалыг харуулаад авах шиг.
Монгол уламжлал, ардын дом арга ухааныг харуулсан иймэрхүү жижиг хэсгүүд тус кинонд олон бий. Заримаас нь дурдахад , Маралмааг гаднаас орж ирэхэд Багаяа аяганд юм зуурч байдаг. Анх үзэж байгаа хүн, тарианы гурил зуурч идэх гэж байгаа юм болов уу гэж харна. Гэтэл Багаяа : Май миний охин, давстай шар тос, мориныхоо чихэнд хийгээрэй, эмээлийг нь хэдийд ч авсан нуруу нь авагддаггүй юм гэж хэлэх.
Киног үзэх явцад энэ мэтчилэн амьдралын нарийн арга ухаануудыг шигтгээ болгосон нь энэ чинь кино ш дээ гэж үл бодогдон зүгээр л кинон дотроо өөрөө ороод явчихдаг. Багаяа аав минь юм шиг санагдан, Маралмаад цагаахан атаархал төрж, ай даа хөдөө сайхан нутагт аавтайгаа хонин сүрэг өсгөн саахалтын залуудаа дурлах сан гэж бодогдтол кинондоо автана.
Хот хөдөөгүй байдаг нийтлэг асуудал болох, залуусын хайр сэтгэлийг эцэг эх нь зааж зааварчлах, ер нь бол гэрлэлтээс хүртэл ашиг хонжоо харах гэсэн оролдлого гаргадгийг Готов, Маралаа хоёрын хайр сэтгэлийг үймүүлэн, ганц хүүгээ даргынхаа хадам дүү Солонготой суулгах гэсэн үйлдлээр харагдана.
Энэ бүхэн нь Багаяа, Маралаа хоёрт хүндхэн тусаж буй нь илт. Энэ талаар кинон дээр ярихгүй ч тэр хоёр биеийн хэлэмж, нүдээрээ тоглож харуулах нь заримдаа бид ярихгүйгээр ойлголцож, ойлгуулж болдог гэдгийн тод илрэл.
Хөдөө суманд иймэрхүү зүйлс бишгүй л болно.
Тэдний залуу, эдний охинтой суух гэж байна гээд сум даяараа шуугьж байтал, эцэг эх нь зөвшөөрөөгүй гэнээ, тэгээд нөгөө хэний охиныг авч байна гэнэ, гэсэн явган яриаг олон сонсож байсны хувьд Багаяагийнхаас саахалтын дайдад Готовын гэрийн найрыг хийдэг Шадавынх шиг айлуудыг ч мэдэх юм. Ийм дүр зургийг киноноос хараад Багаяа Маралмаа хоёрыгоо өрөвдөж суух болгон доо иймэрхүү байдалд орж байсан тэр айлын охин, ээж аавынх нь сэтгэл "сэмэрдэг" байсан байх даа, хөөрхий гэж бодогдоно.
Хаа очиж Готов жинхэнэ Монгол эр хүний төлөөлөл дүр учир, Маралаа руугаа гүйж ирдэг хэсэг...үнэхээр гайхалтай зураглал. Тэргэл сартай, одод түгсэн саруулхан шөнө, гэнэт хотноосоо туугдсан, цайран харагдах хонин сүргийн захад 1080 хоног нэгнээсээ хол байсан залуу хос, нэгэн рүүгээ тэмүүлэн гүйхийг хараад өөрийн эрхгүй хөл алдан гэрийнхээ ханыг түшин, эвийлж хайрласан харцаар харж буй Багаяагийн төрх... Хүлээлтийн жаргал нь учралын жаргалаар солигдож, сэтгэлийн түгшүүр нь анирласан Маралмаа, аав руугаа, одоо би таныгаа асарна, олон жил хамтдаа байна гэсэн итгэл дүүрэн, инээд цацруулан гүйж буй хэсэг...Ай даа энэ л агшинд сэтгэлийг хөвсөлзүүлэн эгшиглэх аялгуут хөгжим...Энэ бол киноны оргил хэсэг бас төгсгөл.
" Цадсан" мэдрэмжийг энэ киноноос тултал авна. Илүү дутуу юу ч үгүй.
Хөгжим, зураглал, хүмүүсийн хувцас хэрэглэл ахуй, хэтэрхий энгийн, хэт дотно.
Кинонд чимэг нэмэгч, цайлган хөөрүү Шагдараас, өөрийн нэр хүнд унах вий гэсэндээ Багаяагийн шилмэл суурь хонийг авахгүй гэж цааргалан, хүүгээ даргынхаа дүүтэй суулгах гэсэн Шадавын увайгүй үйлдэлд зэвүүцэн, Шадавын архинаас уухгүй ээ, өөрийнхөө архинаас ууна гэж байгаа нь өөрт хамаагүй ч өрөөлийн төлөө сэтгэл тавигч хүмүүсийн дүр зураг харагдана. Киноны туслах дүр хэдий ч гол дүр шиг тод томруун сэтгэлд ойр.
Төдийлөн ойр дотно биш ч уулзаад өнгөрөхөд урам зориг, эрч хүч , халуун дулаан энерги түгээдэг хүмүүс, бидний амьдралд туслах дүр хэдий ч заримдаа гол дүрүүдээс илүү сэтгэгдэл төрүүлэх нь бий.
Хэд ч үзээд, хэзээ ч уйддаггүй манай гэр бүлийн хамгийн дуртай кино.
Хүн хүнээрээ байх, хүн үнэн байхын утга учрыг дэндүү энгийнээр сэтгэл рүү урсгадаг гайхалтай кино
Эх сурвалж Ариунсанаа Дашзэвэг