04/06/2026
🐎 Уяа морийг зөв хөлслөх нь — >Морь хурдлахын цаадах нууц.
Морь хурдан төрдөг, харин уяа түүнийг гүйцээдэг” . Хурдан морь гэдэг зөвхөн сайн угшил, элбэг тэжээлээр бий болдоггүй. Харин амьсгаа, тарга хүч, булчин шөрмөс, сэтгэл зүйг нь зөв тааруулж “тавируулснаар” жинхэнэ хурд гарна.
Хөлс авах гэдэг нь зүгээр нэг ус гаргах ажил биш. Энэ бол адууны биеийг онгойлгож, илүүдэл таргыг задлан, амьсгааг нь нээж, уралдааны ачаалалд бэлтгэдэг уяаны хамгийн нарийн эрдэм юм.
Уяач хүн морьныхоо:
• амьсгаа
• хөлс
• нүдний гал
• хоолны дуршил
• арьсны нимгэн зузаан
• булчин шөрмөсийн сулралыг хүртэл ажиглаж байж ачааллаа тохируулдаг.
🌟Учир нь морь хэлгүй ч биеэрээ бүхнээ илэрхийлдэг амьтан.
🐎Уяаны эхлэл
Шинээр уяанд орсон морийг шууд хүчтэй ажил хийдэггүй. Эхний өдрүүдэд уяж өнжүүлэх, гишгүүлэх, баалгах байдлаар гэдэс дотрыг нь амрааж, дасгадаг.
Морь бүр өөр араншинтай. Зарим нь амархан тавирдаг бол зарим нь удаан онгойж, илүү тэвчээр шаарддаг. Тиймээс сайн уяач хүн морь бүрт ижил арга хэрэглэдэггүй.
🌟Эхний хөлс — Уяаны өнгийг тодорхойлдог
Эхний хөлсөөр уяаны өнгө гардаг”
Учир нь анхны хөлс хэт чанга байвал морь няцарч, шөрмөс нь чангардаг. Харин хэт сул байвал бие нь онгойхгүй, тарга хүч нь задрахгүй үлдэнэ.
Тиймээс морийг эхлээд шогшуулж биеийг нь халаагаад, дараа нь салхи сөрүүлэн буцахдаа салхины дагуу хатируулж хөлс авдаг. Хоёр чихний уг, суга цавь орчмоор жигд хөлс бөгжигнөн гарах нь морь тавирч буйн шинж гэж үздэг.
Сайн хөлсний үед:
• амьсгаа жигд байх
• алхалт чөлөөтэй болох
• нуруу хүзүү сулрах
• чих сэрэмжтэй хөдөлж байх нь сайн шинж.
Харин:
• амаа ангайж шуухитнах
• толгойгоо унжуулах
• амьсгаа удаан тэнцэхгүй байх ажил ихдэх
🐎Морины хөлс үе шаттай гардаг
Адууны хөлсийг хараад ямар шатандаа явж байгааг нь шинждэг.
• Шавар хөлс — эхний үед гардаг бохир хөлс
• Тосон хөлс — арьсан доорх өөх задарч эхэлсний шинжтэй тосорхог хөлс
• Усан хөлс — биеийн гүнээс гарч буй тунгалаг шингэн хөлс
• Сувдан хөлс буюу “ясны хөлс” — маш нарийн, тунгалаг хөлс
🌟Их хөлс болгон сайн байдаггүй
Зарим хүн морь их хөлөрч байвал сайн гэж ойлгодог. Гэвч хэт хөлс авсан морь:
• махаа барина
• амьсгаа давчдана
• хоолноос гарна
• шөрмөс чангарна
• уралдааны сүүлд сууж эхэлдэг.
Харин тааруулж хөлс авсан морь уралдааны турш хүчээ жигд хуваарилж, амьсгаа тэнцүү ордог.
🌟Тиймээс сайн уяа гэдэг нь морийг ядраахдаа биш, бярыг нь зөв задлах ухаан юм.
Уяачид “Хөлс авах амархан, хөлс буулгах хэцүү” гэж ярьдаг. Морийг буугаад шууд орхивол шөрмөс нь царцаж, бие нь хөшдөг.
Тиймээс:
• салхи уруудуулж тайван алхуулах
• амьсгааг нь тэнцүүлэх
• халууныг аажмаар буулгах
• хөлсийг нь зөөлөн хусах
• хүйтэн ус шууд уулгахгүй байх нь маш чухал.
Хөлсийг зөв буулгасан морь маргааш нь сэргэлэн, нүд галтай байдаг.
🏇 Морь бүр өөр уяатай
Даага, шүдлэнгийн яс шөрмөс бүрэн бэхжээгүй байдаг тул зөөлөн уяа тохиромжтой. Харин соёолон, азарга насанд хүчний хөлс илүү ордог.
Их насны морь туршлагатай ч амархан тамир баригддаг тул:
• ойр ойрхон шахахгүй
• сэргэлтийн хугацаа сайн өгөх
• хоол ус тааруулах шаардлагатай.
🌟Тиймээс “Бүх моринд таарах нэг уяа байдаггүй. Их хөлс авсан морь хурдан байдаггүй.
⭐️Дахин мэдээлэл оруулах тул page-ээ дагаарай.
Таалагдсан бол like дараад дэмжээрэй 🤝
⭐️Нийтлэл: Түрүү Баяр

04/06/2026
30/05/2026
29/05/2026