14/04/2026
Эмгэнэл
Л.Мядагмаа нь 1935 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, амьдралынхаа туршид эх орон, ардчилал, хүний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн эрхэм хүн байлаа.
Тэрбээр 1990 онд Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан Намд элсэн орж, ардчиллын үнэт зүйлсийг тууштай дэмжин, намын гишүүд төдийгүй залуу үеийнхэнд үлгэр дуурайл болж, эв нэгдэл, зөв шударгын төлөөх үзэл санааг түгээн дэлгэрүүлж ирсэн юм.
Амьдралынхаа турш “Эвлэвэл бүтнэ, ховловол бутарна” хэмээх сургаалиа байнга сануулж, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдэг байсан нь түүний хүн чанар, үзэл бодлын тод илэрхийлэл байлаа.
Тэрээр Монголд үнэн ялж, хөх тэнгэрт цэнхэр туг мандах өдөр ирнэ гэдэгт бат итгэн, энэ итгэл үнэмшлээ эцсийн мөч хүртэл тээн явсан юм.
Элбэрэлт ээж, энэрэнгүй хүн, Ардчиллын үнэт зүйлсийн төлөө тууштай тэмцэгч таны гэгээн дурсамж бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдана.
Ум сайн амгалан болтугай.
10/04/2026
ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ДАШЖАМЦЫН БАТТУЛГАТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн, зөвлөх инженер, Ардчиллын анхдагч Дашжамцын Баттулгатай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр салах ёс гүйцэтгэж сүүлчийн замд нь үдлээ.
Дашжамцын Баттулга нь 1961 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрж, 1969-1979 онд Улаанбаатар хотын нэгдүгээр дунд сургуулийг төгсөж, улмаар 1979-1984 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцан Эрчим хүчний инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр
1984-1985 онд Улаанбаатар хотын дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад эдийн засагч,
1985-1989 онд Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн,
1989-1990 онд Дархан хотын дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч, 1990 онд Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга,
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн,
1993-1996 онд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхийлөгч,
1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
2001-2005 онд “Галт гарьд” ХХК-ийн зөвлөх,
2005-2010 онд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн захирал, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,
2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
2017-2020 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга,
2022-2026 онд “Эрчим хүч барилга угсралтын трест” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.
Дашжамцын Баттулга нь 1992 онд Ардын Их Хурлын 148 дугаар тойрог буюу Дархан хотоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн, зөвлөх инженер Дашжамцын Баттулга таны ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
09/04/2026
Төр, нийгмийн зүтгэлтэн Дашжамцын Баттулга агсныг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны Баасан гарагийн 08:00 цагт соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үднэ.
04/04/2026
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга асан Дашжамцын Баттулга зуурдаар таалал төгсөж Монголын ардчиллын үйл хэрэгт төдийгүй Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
27/03/2026
СБД-ийн АН-ын дотоод сонгуульд 400 гаруй МАН-ын гишүүд оролцож санал өгчээ.
20/03/2026
Сүхбаатар дүүргийн ардчилсан намын саналын эрхтэй гишүүн та 3-р сарын 21-ны өдөр 09:00-18:00 цагийн хооронд эдгээр байршлуудад ирж саналаа өгөөрэй.
Баярлалаа
Ардчилсан нам
Ардчилсан Намын Бүлэг
Нийслэлийн ардчилсан нам
22/02/2026
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Г.Баатарзориг тэргүүтэй удирдлагууд намынхаа хамгийн ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, “Ардчиллын гэрэгэ” гардууллаа.