02/17/2026
Гадаад харилцааны дэвшилтэй бол яриад байх юм байхгүй ээ. Олон талт, төв байр суурь гэж юу байдгийг утгаар нь харуулсан даа. Магадгүй У.Хүрэлсүх хамгийн олон нэр хүндтэй зочин эх орондоо хүлээн авсан Ерөнхийлөгч биз ээ. Зочин болгоныг даган дэлхий Монголыг зорин нүүдэллэсэн нь үнэн юм. Их Монгол улсыг байгуулан даян дэлхийд зарласны 820 жилийн ойн гал морин жилд Хар зүрх хайрханыг төрийн тахилгатай болгож байгаа ажээ. Уул хайрхадаа төрийнхөө зарлигаар тахидаг улс орон өөр байдаг гэж өнөөхөндөө сонсоогүй, монгол түмний хүн, байгалын гүн шүтэлцээ монгол үндэстний ондоошил, их хааны маань үлдээсэн соёл ба заншил юм даа. Ямартай ч энэ хүн ярьсаар байгаад Чингис хааны музейгээ байгууллаа, Их Монгол Улсын голомт Хархорин хотыг сэргээн байгуулах бодлогоо зүтгүүлсээр өнөөг хүрлээ. Их эзэн Чингис хааныхаа хөргийг айл болгон залах зарлиг гаргаж, үр дүнд нь Чингис бурхны судлал тэлэх янзтай боллоо. Монгол орны нутгаас олдсон, өвөг дээдсийн маань шүтэн тахиж ирсэн, Чингис хааныг бурханчлан зурсан танка зураг 10 орчим байгаа даг шүү. Шашнаар, үзэл бодлоор хагаралдахын цагт монголчуудыг нэгтгэж эх оронд нь, эх нутагт нь багтааж чадах тэнгэр мэт, бурхан мэт ганц учир шалтгаан бол өөр юу ч биш, бас хэн ч биш, гагцхүү Чингис хаан билээ.
Ер нь бол монгол хүн дэлхийн бараг улс болгонд мөрөө гарган амьдарч, хэлээр нь ярьж, оршихуйд нь багтдаг болсон. Мэддэг бүх хэлээрээ Чингис хааныгаа тунхаглан шүтэж, шүтүүлж чадвал Эзэн Чингисийн эх орныг үеийн үед дархалж, цэнхэр гаригийн хоймор болгон тунхаглах боломжтой, бид чадна. Хүн төрөлхтөн хэдхэн хүн-бурхантай, тэдний нэг нь Монголын Чингис хаан шүү дээ. Их эзэн Чингис хааны эх голомтоор оролдсон хэн бүхэн Манж лугаа мөхнө гэхчлэн итгэл үнэмшил болтол нь ихээхэн ярьж хэлэх нь Монголыг бурханчлах дархлаа юм даа. Юун төлөө Монголын Ерөнхийлөгчийн санаачлагаар Дэлхийн адууны өдөртэй болсон билээ, ирэх наадмаар ирсэн гийчин болгонд инээх тоолондоо дуугарах хэрэгтэй. Эцэст нь Ерөнхийлөгчийн үгээр,
-Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан болтугай.

02/17/2026
06/29/2025
10/01/2024
08/25/2024
08/18/2024