Embassy of Mongolia to the State of Kuwait

Embassy of Mongolia to the State of Kuwait

Share

Embassy of Mongolia

02/06/2026

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайдаар шинээр томилогдсон Наваф Абдуллатиф Аль-Ахмадтай 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд 50 жилийн түүхтэй Монгол, Кувейтийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцож, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, тэр дундаа дээд, өндөр хэмжээний айлчлал зохион байгуулах, Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, иргэний нисэх, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сантай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, шинэ төсөл, санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн асуудлаар ярилцав.

Элчин сайд П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд Монгол, Кувейтийн харилцаа эдийн засгийн бодит агуулгаар улам бүр баяжин хөгжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улсаас Кувейт Улсад нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүний экспорт өсөн нэмэгдэж буйг дурдаад, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах өргөн боломж байгааг онцлов. Мөн 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-д оролцох урилгыг Кувейтийн талд хүргүүлснийг дурдаж, тус хуралд Кувейт Улс өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Туслах сайд Наваф Аль-Ахмад Монгол Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Кувейт Улсын Гадаад хэргийн яам өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал зэрэг бодит салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Кувейтийн тал бүрэн дэмжлэг үзүүлж, Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох зорилтын хүрээнд хэлэлцээний шатанд байгаа баримт бичгүүдийг ач холбогдолоор нь эрэмбэлэн ойрын хугацаанд эцэслэн байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллахаа нотолоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

14/05/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУЗ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДР. ЭЯАД АЛЬ-САЛЕХ-ТАЙ УУЛЗАВ

​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Кувейт Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Royal Mining Group”, “Energy Solutions”, “Gulf Care General Trading” зэрэг компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Др. Эяад Аль-Салех-тай уулзав.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломж, эдгээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

​Др. Эяад Аль-Салех-ын зүгээс өөрийн удирдан явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд нь одоогийн байдлаар Ойрхи Дорнод, Африк, Төв Америкийн бүс нутгуудад уул уурхай, эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа бөгөөд тус компанийн хөрөнгө оруулалтын стратеги нь мэргэжлийн ур чадвар, инновац, олон улсын стандартын хамгийн өндөр түвшинд тулгуурладаг болохыг онцлов. Түүнчлэн тэрээр үйл ажиллагаагаа Ази тив рүү тэлж байгаатай холбогдуулан Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

​Уулзалтаар талууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг судалж, дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиров.

​“Royal Mining Group” нь Ойрхи Дорнод, Африк, Төв америкийн бүс нутгийн нийт 19 улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бол “Gulf Care General Trading” нь Кувейт Улсад хоёр том хэмжээний эмнэлэг, 11 лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа кувейтийн хамгийн том хувийн өмчит эмнэлгийн лабораторийн компани аж.

Үүнээс гадна түүний “Energy Solutions” компани нь Кувейт Улсад томоохонд тооцогдох цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний станцууд болон дэд станцууд барьж, байгуулсан туршлагатайг онцоллоо.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

26/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ХАМАД БИН ХАТИР АЛЬ-СУЛАЙТИ -ТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти-тай уулзаж, хоёр орны харилцаа, консулын хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл, саналаа солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хот байгуулалт, агаарын харилцааны салбар дахь хамтын ажиллагаа, цар хүрээ өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Катар Улсын удирдлага, Засгийн газраас ард иргэд болон тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангахад шуурхай, тасралтгүй арга хэмжээг авч буй, Катар Улсад гацсан манай улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Катарын Гадаад хэргийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагууд дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Катарын Засгийн газраас ард иргэд, тус улсад ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн аюулгүй, тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлдгийг онцлов. Мөн Катар Улсад оршин сууж буй монгол иргэд нь тус улсын хууль, дүрмийг мөрдөж, ёс заншлыг хүндэлдэг бөгөөд гэмт хэрэг, зөрчил гаргадаггүйг онцлон дурдав.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эцэслэн тохиролцсон зарим баримт бичгүүдийг албан шугамаар солилцож, боломжит хугацаанд шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов. Мөн Элчин сайдын зүгээс Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн хангах хүсэлтийг тавихад Катарын ГХЯ-ны Консулын газраас хүсэлтийг хүлээн авч, боломжит хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

23/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ.

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдахын ялдамд Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газраас туслалцаа, дэмжлэгийг шуурхай үзүүлж, хамтран ажилладагт талархал дэвшүүлэв. Мөн хоёр орны хооронд яригдаж буй айлчлал, арга хэмжээ, тэдний бэлтгэл ажлыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 гаруй тонн халал аргаар бэлтгэсэн хөлдөөсөн хонины мах Катарын зах зээлд борлуулагдсаныг онцлон тэмдэглэв.

Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру Монгол Улс, Катар Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Элчин сайдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд аливаа санал, санаачилгыг бүхий л талаар үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Мөн манай улсаас ажиллах хүч авах чиглэлээрх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг мэдэгдэж, хоёр талаас эцэслэн тохиролцоод буй баримт бичгүүдийг байгуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Photos from Embassy of Mongolia to the State of Kuwait's post 23/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ.

Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, шаардлагатай зөвлөмж, мэдээллийг өгөх, Элчин сайдын яамнаас хүрч ажиллах зорилтын хүрээнд Монгол Улсад Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус улсад оршин сууж буй иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн амьдралын нөхцөл байдал, төрийн үйлчилгээ болон шийдвэрлүүлэх асуудал бий эсэхийг тодруулж, харилцан ярилцаж, санал солилцов. Мөн бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад гацсан зарим иргэдийг нүүлгэх шилжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн иргэн Э.Мөнхбилэг, Ю.Ариунаа, Г.Эгшиглэн нарт талархал дэвшүүлэв.

Үүнтэй холбогдуулан зарим иргэдийн зүгээс суугаа оронд Монгол Улсыг сурталчлах, тэр дундаа монголын уламжлалт ёс заншил, соёл урлагийг харуулсан урлагийн болон циркийн тоглолт зохион байгуулах хүсэлтийг уламжилж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Катар Улсын холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн албан тушаалтнуудтай нягт хамтран ажиллаж, Элчин сайдын яамнаас иргэдэд чиглэсэн үйлчилгээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав.

Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ч.Батмэнд Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд, Монгол Улсад аж ахуй нэгжтэй гадаадын иргэдэд консулын үйлчилгээний асуудлаар зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллав.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Photos from Embassy of Mongolia to the State of Kuwait's post 22/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ А.А КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШАМЛАН АЛЬ-АВАДХИ-ТАЙ УУЛЗАЖ, ТУС КОМПАНИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ.

Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Катар Улсын томоохон мах ханган нийлүүлэгч А.А компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи-тай уулзаж, тус компанийн үйлдвэр, үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, хоёр орны хооронд эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгүүлж, түүнийг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд 2024 оны 4 дүгээр сард бүртгүүлсэн, мал эмнэлгийн гэрчилгээг хоёр орны холбогдох байгууллагууд харилцан тохиролцсоноор хөлдөөсөн болон сэврээсэн махны худалдаа эрхлэх, экспортлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн, Монгол Улсын мал аж ахуйн салбар, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, монгол махны ашиг шим, чанар, Кувейт Улс руу хийж буй махны экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“А.А” компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи Элчин сайдад урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцсанд талархал дэвшүүлэхийн ялдамд компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тодруулбал, тус компанийн хувьд Катарын махны зах зээлийн 50 хувийг хангадаг бөгөөд 22 салбартай, ойрын хугацаанд 16 салбарыг шинээр нээхээр төлөвлөж буй томоохон махны чиглэлийн аж ахуй нэгж болно. Мөн 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 орчим тонн хөлдөөсөн хонины махыг импортлон Катарын зах зээлд борлуулснаар зах зээл дэх монголын махны эрэлт нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улсаас Булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлож эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Катар Улс руу хөлдөөсөн болон сэврээсэн хонь, ямаа, үхрийн мах болон амьд мал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын томоохон мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг өгөх, Монголын махыг Катарын зах зээлд амжилттай нийлүүлж, таниулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүхий л эрх зүйн орчин бүрдэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, гарц нээгдэж байгааг дурдахын зэрэгцээ цаашид махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой, үр дүнтэй байлгахад тулгамдаж буй агаарын тээврийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Катарын холбогдох байгууллагууд болон Катар Эйрвэйс компанитай удаа дараа уулзаж, тодорхой үр дүнд хүрч буйг онцлон тэмдэглэв.

Элчин сайд П.Сэргэлэн тус компанийн зүгээс төлөвлөж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжиж, боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар

16/04/2026

КАТАР УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭСЯ-наас ирэх 7 хоногт Катар Улсын Доха хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээний талаар асууж, тодруулах зүйл байвал +965 9909 7419 дугаар (Viber, WhatsApp)-тай холбогдоно уу.

Консулын үйлчилгээ авах иргэд тус ЭСЯ-ны https://kuwait.embassy.mn/category/281 цахим хуудас руу нэвтэрч, бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Консулын үйлчилгээ авахтай холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах буюу төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийн хуулбаруудыг хэвлэн авч ирэх шаардлагатайг анхаарна уу.

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

02/04/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЗУБАЯДЗОДА ЗУБАЯДОЛЛА-ТАЙ УУЛЗАВ

​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд бөгөөд Кувейт дэх Дипломат төлөөлөгчийн газруудын Декан Зубаязода Зубаядолла-г хүсэлтийн дагуу Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улс дахь 110 гаруй дипломат төлөөлөгчийн газруудын Деканаар сүүлийн 5 жилийн хугацаанд ажиллахдаа Элчин сайдын яамдын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал нэмэр оруулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ирсэн Элчин сайд Зубаязода Зубаядолла-д талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсэв.

​Түүнчлэн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, Кувейт Улсын цаг үеийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, өнөөгийн нөхцөлд Элчин сайд нарын нягт уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болоход санал нэгдэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

17/03/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “КАТАР ЭЙРВЭЙС” КОМПАНИЙН АГААРЫН ЗОХИЦУУЛАЛТ, КОРПОРАТИВ АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ФАТХИ АТТА-ТАЙ 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР УУЛЗАВ

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн МИАТ ТӨХК болон “Qatar Airways” компанийн хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр байгууллагын удирдлагын түвшинд гарсан өөрчлөлт нь хамтын ажиллагааг шинэ агуулга, өргөн хүрээнд баяжуулан хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж буйг онцолж, харилцааг институцийн түвшинд бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэвшүүлэв.

Элчин сайд П.Сэргэлэн “Qatar Airways” компанийн зүгээс МИАТ ТӨХК-ийн нисгэгч, инженер, техникийн болон бүхээгийн ажилтнуудыг хүлээн авч богино, дунд хугацааны сургалтад хамруулсанд талархал илэрхийлээд, өмнө нь амжилттай хэрэгжүүлж байсан бүхээгийн ажилтан сонгон шалгаруулалтыг Монгол Улсад дахин зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсаас Катар Улс болон цаашлаад Булангийн бүс нутгийн орнуудад мах, махан бүтээгдэхүүний экспортыг ойрын хугацаанд эхлүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд шууд нислэг стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглэж, энэ чиглэлээр “Qatar Airways” компанийн зүгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэд ерөнхийлөгч ноён Фатхи Атта Элчин сайд болон Элчин сайдын яамны зүгээс хоёр орны иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлээд, өмнө хэрэгжүүлсэн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ санал, санаачилгаар баяжуулан хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Шууд нислэгийн асуудлаар “Qatar Airways” компани нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлогын хүрээнд шинэ агаарын хөлгүүдийг АНУ-аас захиалсан талаар мэдээлж, Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар урьдчилсан судалгаа хийгдсэн болохыг тэмдэглэв. Шинэ агаарын хөлгүүдийг хүлээн авсны дараа үйл ажиллагааны зохицуулалттай уялдуулан Монгол Улс руу шууд нислэг эхлүүлэх чиглэлээр ажиллахаа нотлов.

Мөн шууд нислэг эхлэхээс өмнөх шатанд МИАТ ТӨХК-тай зорчигч болон ачаа тээврийн хамтарсан нислэг үйлдэх, код хуваах нислэг хэрэгжүүлэх болон бусад хамтын ажиллагааны чиглэлээр ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд МИАТ ТӨХК-ийн шинэ удирдлагуудыг Катарт хүлээн авч уулзан, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, хүнсний болон мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай логистикийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцож, зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн ноён Фатхи Атта уулзалтын дүн болон шууд нислэгийн судалгааны талаар компанийн Ерөнхий захирал ноён Бадр Мухаммад Аль-Мийр-т танилцуулж, холбогдох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад “Qatar Airways” компанийн Нисэхийн бодлого, корпорацийн харилцааны хэлтсийн дарга ноён Исмир Ганич, тус хэлтсийн менежер ноён Ибрахим Али Аль-Хаммади, гадаад харилцаа хариуцсан ажилтан ноён Ген Хирота нар оролцов.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Зам, Тээврийн Яам
MIAT Mongolian Airlines

16/03/2026

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ХОТЫН ЗАХИРГАА ХАРИУЦСАН САЙД АБДУЛЛА БИН ХАМАД БИН АБДУЛЛА АЛЬ-АТТИЯТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа, Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Хотын захиргаа хариуцсан сайд Абдулла бин Хамад бин Абдулла Аль-Аттиятай 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Доха хотноо уулзаж, хоёр орны хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, үүний дотор хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хоёр талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах чухал чиглэл болохыг онцлов.

Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Катар Улсын Хотын захиргаа хариуцсан яам хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичиг, мөн Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар болон Катар Улсын Хотын захиргаа хариуцсан яам хооронд мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг-ийн төслүүдийг харилцан солилцож байгааг мэдээлж, уг баримт бичгүүдийг эцэслэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн Улаанбаатар болон Доха хотуудын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоох санаачилгыг дэвшүүлж, талууд холбогдох баримт бичгийн төслүүдийг солилцсон болохыг мэдэгдэв. Энэ хүрээнд хот төлөвлөлт, ногоон хөгжил, нийтийн үйлчилгээ, ухаалаг хотын шийдэл зэрэг чиглэлээр туршлага солилцох өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Сайд Абдулла бин Хамад бин Абдулла Аль-Аттия тус яам нь Катар Улсын хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын бодлогыг хариуцан ажилладгийн хувьд Монгол Улстай энэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Мөн тэрээр хоёр хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоох саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хот байгуулалтын чиглэлээр мэргэжилтнүүдээ илгээж сургалт зохион байгуулах, эсвэл Монголын мэргэжилтнүүдийг Доха хотод урьж туршлага солилцох боломжтой талаар мэдээлэв.

Түүнчлэн 2026 оны 4 дүгээр сард Доха хотноо зохион байгуулагдах “Тогтвортой хөгжилд чиглэсэн дахин боловсруулалтын бага хурал, үзэсгэлэн”-гээс өмнө холбогдох баримт бичгүүдийг эцэслэн бэлтгэж, уг арга хэмжээний үеэр Монголын холбогдох өндөр албан тушаалтнуудыг урьж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах боломжтой талаар санал дэвшүүлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Want your business to be the top-listed Government Service in Kuwait City?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

https://www.mongoliatravel.guide/en

Address


Siddiq, Block 4 Street 10, Villa 51
Kuwait City

Opening Hours

Monday 08:00 - 14:00
Tuesday 08:00 - 14:00
Wednesday 08:00 - 14:00
Thursday 08:00 - 14:00
Sunday 08:00 - 14:00