11/07/2026
Казахстаны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын мэндчилгээ дэвшүүлэв
2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний баяр наадмыг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн удирдлага дор харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Казахстаны Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүний хариуцлагатай ажил үйлсэд нь амжилт, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
https://www.akorda.kz/kz/memleket-basshysy-mongoliya-prezidentine-kuttyktau-zhedelhatyn-zholdady-116483
06/07/2026
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ
КАЗАХСТАН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.1 болон Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 270 дугаар тогтоолын дагуу Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Астана хот дахь ЭСЯ болон Алматы хот дахь КТГ 2026 оны 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд ажиллахгүйг анхаарна уу.
Та бүхэн яаралтай асуудлаар ЭСЯ-ны [email protected] цахим шуудан,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам
/https://www.facebook.com/mongolianembassykz// фэйсбүүк хаягаар болон
+7 708 717 3141, +7 717 226 4838, +7 717 226 4858, +7 717 226 7682, ватсаб дугаар: +7 705 823 71 72 утасны дугаараар хандана уу.
ПОСОЛЬСТВО МОНГОЛИИ
В РЕСПУБЛИКЕ КАЗАХСТАН
ВНИМАНИЮ ГРАЖДАН!
В соответствии со статьей 4.1.1 Закона Монголии “О государственных праздниках и памятных днях”, а также Постановлением Правительства Монголии № 270 от 24 июня 2026 года, в связи с празднованием Национального праздника “Наадам” Посольство Монголии в городе Астана и Консульский отдел в городе Алматы не будут работать с 10 по 17 июля 2026 года.
Просим граждан принять данную информацию к сведению.
По срочным вопросам просим обращаться в Посольство Монголии в Республике Казахстан по электронной почте: [email protected], через официальную страницу /https://www.facebook.com/mongolianembassykz// в Facebook,
а также по телефонам: +7 708 717 3141, +7 717 226 4838, +7 717 226 4858, +7 717 226 7682; WhatsApp: +7 705 823 71 72
14/06/2026
Боловсролын яамны төлөөлөгчид Казахстанд
туршлага судлав
Монгол Улсын Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо 2026 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд ажиллаж, малчин буюу алслагдсан өрхийн хүүхдийн боловсрол, гэрийн сургалт болон ерөнхий боловсролд хэрэгжүүлж буй шатрын боловсролын үлгэр жишээ туршлагыг судлав.
Элчин сайд Г.Батжаргал төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өгч, боловсролын салбарын хамтын ажиллагаанд анхаарах зарим асуудлыг хөндөн ярилцав.
Боловсролын яамны төлөөлөгчдийг Казахстаны Боловсролын дэд сайд, хатагтай Ш.Акпарова хүлээн авч уулзахдаа Казахстанд дунд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлж буй байдал, гарч буй үр дүн болон анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Манай төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжиж буй дунд боловсролын салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, сонирхсон бусад сэдвээр асуулт тавьж, тодорхой хариулт авч, казахстаны туршлагыг үзэж сонирхов.
Төлөөлөгчид Астана хотод шинээр байгуулагдсан “Tanym” олон чиглэлт сургалтын цогцолбор, Абай Кунанбаевын нэрэмжит Астана хотын 87 дугаар сургууль, ирээдүйн тохилог сургууль хөтөлбөрийн хүрээнд баригдсан 101 дүгээр сургуульд тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, сургуулийн удирдлагаас боловсролын хөтөлбөр болон бусад сонирхсон асуудлаар ярилцав. Мөн Казахстаны Шатрын холбооны Астана хот дахь төвөөр зочилж, дунд сургуульд шатрын боловсрол нэвтрүүлж буй үлгэр жишээ туршлага, эрх зүйн орчин, санхүүжилт, багшлах боловсон хүчнээ бэлтгэж буй байдал зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.
03/06/2026
Шадар сайд Н.Номтойбаяр Евразийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 28-30-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад ажлын айлчлал хийж, Астана хотноо 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Евразийн эдийн засгийн тав дахь чуулга уулзалтад оролцов.
Евразийн эдийн засгийн чуулга уулзалтын бүгд хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр үг хэлэхдээ 2026 оныг Казахстан улс цахим шилжилт ба хиймэл оюун ухааны жил болгон зарлаж, энэ удаагийн чуулга уулзалт уг сэдвийн хүрээнд болж байгааг сайшаав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг сар гаруйхны өмнө Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж, олон чухал асуудлаар тохиролцоонд хүрснийг тэмдэглээд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, энэхүү хэлэлцээр хоёр сар орчмын дараа хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхлэх гэж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр айлчлалын хүрээнд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын казахстаны хэсгийн дарга, Хөдөө аж ахуйн сайд А.Сапаров, Худалдаа, интеграцийн сайд А.Шаккалиев, Шадар сайд бөгөөд Хиймэл оюун ухаан, цахим хөгжлийн сайд Ж.Мадиев нартай уулзаж, хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар ярилцаж, санал солилцов.
Төлөөлөгчид Астанагийн олон улсын санхүүгийн төв, Алем AI хиймэл оюун ухааны төв, “Астана - Шинэ хот”, “Астана - Технополис” эдийн засгийн тусгай бүсүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Казахстаны туршлагыг судлав.
15/05/2026
Казахстаны нийслэл Астана хотноо энэ 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн нэр хүнд бүхий тэмцээнд тооцогддог “Казахстаны их дуулга” болж өнгөрлөө.
Энэ тэмцээнд 44 орны шилдэг 358 тамирчин 14 жигийн ангилалд өрсөлдөж, манай улсын баг тамирчид 2 алт, нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. ОХУ, Франц тус бүр гурван алт, Казахстан хоёр, Герман, Нидерланд, Узбекистан, Серби тус бүр нэг алтан медаль гэх мэтээр 16 орны тамирчид тэмцээний медаль энгэртээ зүүлээ.
Монголын баг тамирчдаас
❖ эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат алт,
❖ эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн алт,
❖ эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг мөнгө,
❖ эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ хүрэл,
❖ эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адьяасүрэн хүрэл,
❖ эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ.
Өнгөрсөн жилийн Улаанбаатарын их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Б.Сүхбатын хувьд анх удаа Их дуулгад түрүүлсэн бөгөөд гавьяат тамирчин Л.Энхрийлэн их дуулга ангиллын тэмцээнээс хоёр дахь алтан медалийн эзэн болов. Тэрбээр 2022 оны Улаанбаатарын Их дуулгад түрүүлж байсан бөгөөд үүнээс гадна хоёр гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.
Их дуулга цуврал тэмцээний дараагийн тэмцээн ирэх 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
27/04/2026
Казахстаны нийслэл Астана хотноо 2026 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд ‘’Евроазийн номын үзэсгэлэн’’ зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын орчин цагийн 100 гаруй яруу найрагчийн 500 гаруй шүлэг, яруу найргийг багтаасан “Монголын яруу найргийн цомог” бүтээлийг зохиолч, яруу найрагч Хаваны Баыят казах хэлнээ орчуулан, "Фолиант" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж уншигчдад өргөн барих танилцуулга боллоо.
Уг танилцуулгад арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал оролцож үг хэллээ.
Дээрх үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулагдсан баримт бичгүүд, түүний дотор соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний бэх нь хатаж амжаагүй байхад зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв.
Түүнчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзанын "Тэнгэрийн судар" бүтээлийг казах хэлнээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Р.Сураган орчуулж, мөн "Фолиант" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж уншигчдад хүргэв.
Зохиолч Г.Аюурзана Астана дахь ЭСЯ-нд оюутнууд, дипломат ажилтнууд тэдний гэр бүлд өөрийн уран бүтээлийн тухай танилцуулах уулзалт хийв. Уулзалтад Казахстаны төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Түрэг зохиолчдын эвлэлийн тэргүүн Улугбек Есдаулет, "Фолиант" хэвлэлийн газрын тэргүүн Нурлан Исабеков, яруу найрагч Даулеткерей Кап нар оролцов.