05/06/2026
✅️✅️✅️ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ФИЗИКИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ
🔰2026 оны 6 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд Дорнод аймагт физикийн хичээлээр Элсэлтийн шалгалт өгөх суралцагчдын амжилтыг ахиулах, бодлого бодох оновчтой арга барил эзэмшүүлэх, онолын мэдлэгийг системчлэн бататгах зорилготой эрчимжүүлсэн сургалт зохион байгуулагдаж байна.
🔰Тус сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн багш нар удирдан явуулж, элсэлтийн шалгалтад бэлтгэх үр дүнтэй арга зүй, бодлого бодох техник, шалгалтын стратегийн талаар мэдлэг олгон, суралцагчдын мэдлэг чадварыг бататгахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
🔰Сургалтад ерөнхий боловсролын 18 сургуулийн 165 суралцагч хамрагдсан бөгөөд суралцагчид онолын мэдлэгээ бататгахын зэрэгцээ шалгалтын бодлого бодох ур чадвараа хөгжүүлсэн үр дүнтэй арга хэмжээнд оролцлоо.
🔰Мөн физикийн багш нарт зориулсан туршилт, дадлага ажлын сургалт зохион байгуулж, сургалтын чанарыг сайжруулах, лабораторийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй, сайн туршлагыг харилцан солилцов.
🔰Улсын физикийн олимпиадын хүрээнд ерөнхий боловсролын 23 сургуульд нийт 48 сая төгрөгийн өртөг бүхий физикийн 6 багц, 140 ширхэг багаж хэрэгслийг гардуулан өгч, сургалтын орчин, лабораторийн хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал хөрөнгө оруулалт хийгдлээ.
🔰Физикийн боловсролын чанарыг дээшлүүлэх, суралцагчдын сурлагын амжилтыг дэмжих үйл ажиллагаанд хамтран ажилласан Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш нар, сургуулийн удирдлага, физикийн багш нар болон суралцагчдадаа талархал илэрхийлье.
02/06/2026
✅ХАМТДАА ХӨГЖИХҮЙ: “БҮТЭЭЛЧ САМБАР – СУРАГЧИЙН ИРЭЭДҮЙ” АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Бага боловсролын багш нарын самбар төлөвлөлтийн шилдэг арга зүй, ур чадварыг хуваалцах, харилцан суралцах зорилготой “Бүтээлч самбар – Сурагчийн ирээдүй” аян амжилттай өрнөж, дүнгээ гаргалаа.
Энэхүү аяныг суралцагчдын идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, самбарыг оновчтой төлөвлөх замаар ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад чиглүүлэн, ЕБС-д 8-20 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарын дунд зохион байгуулсан юм. Багш нар 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5-дугаар сарын 09-ний өдрүүдэд өөрсдийн бүтээлч самбар төлөвлөлтийн зургуудыг “Дорнод бага боловсрол” бүлгэмд байршуулан оролцлоо.
📊Нийт 15 сургуулийн 51 багш хамрагдан, 4 судлагдахуунаар, нийт 182 цагийн самбар төлөвлөлтийн шинэлэг арга зүйг түгээн дэлгэрүүллээ. Нэг багш хамгийн олондоо 14 ээлжит хичээлийн самбар төлөвлөлтийг байршуулж идэвхтэй оролцсон байна.
📝 Уралдааныг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дараах 10 үндсэн шалгуураар үнэлж дүгнэж, оролцогч багш нарын 25 хувь буюу өндөр үнэлгээ авсан эхний 13 багшийг шалгаруулан урамшууллаа. Үүнд:
М.Энхчимэг – 8 дугаар сургууль
И.Бумгарав – Хан-Уул сургууль
Ц.Туяацэцэг- 1 дүгээр сургууль
Д.Даваасүрэн – Хан-Уул сургууль
О.Гантуяа – Баян-Уул ЕБС
Б.Олонбаяр – 12 дугаар сургууль
Д.Отгонцэцэг – 12 дугаар сургууль
Г.Хүрэлчулуун – 8 дугаар сургууль
Д.Цэгмэд – Булган ЕБС
Э.Оюун-Эрдэнэ – Шинэ хөгжил сургууль
Б.Шинийннэгэн – 1 дүгээр сургууль
Х.Мөнхжаргал – 5 дугаар сургууль
О.Оюунзул – Баян-Уул ЕБС
Аянд идэвхтэй оролцсон нийт багш нартаа болон тэднийг удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан сургалтын менежерүүддээ халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
Мөн боловсролыг дэмжиж, шагналын санг ивээн тэтгэсэн "Ширбазар" сангийн тэргүүн, ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганганмөрөн танд гүн талархал илэрхийлье.
#БагаБоловсрол #БүтээлчСамбар #ДорнодБоловсрол #БагшийнХөгжил
25/05/2026
✅️✅️✅️ ХАМТЫН АЖИЛЛАГАА
🔰Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Дорнод орон нутгийн хөтөлбөрөөс аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж буй хүүхэд багачуудын эрүүл мэндийг дэмжих, амьсгалын замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай багаж, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
🔰Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 16,366,400 төгрөгийн 10 ширхэг хүчилтөрөгчийн коктейлын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн хамт Хэрлэн сумын 2,3,5,6,8,11,15,19, Баянтүмэн, Чойбалсан сумдын цэцэрлэгүүдэд гардууллаа.
Тус дэмжлэг нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Дорнод орон нутгийн хөтөлбөрөөс он гарсаар боловсролын байгууллагад үзүүлж буй 3 дахь удаагийн дэмжлэг юм.
👍👍👍Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан, аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж буй Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Дорнод орон нутгийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье.
23/05/2026
✅СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД 471 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Аймгийн орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр боловсролын байгууллагуудын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр 471 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр сургууль, цэцэрлэгүүдэд гардууллаа.
Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим анги” тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын 2 дугаар сургууль, 12 дугаар сургуульд, ерөнхий боловсролын сургуулийн урлаг, гоо зүйн танхимын тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын Хан-Уул сургууль болон 1 дүгээр сургуульд,
Сургалтын байгууллагын ариун цэврийн өрөөг ялгаатай хэрэгцээт суралцагчдад зориулан тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын 2, 5, 8, 11, 12 дугаар сургууль, Хан-Уул сургууль, “Шинэ хөгжил” сургуульд,
Дотуур байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг Халхгол сумын Ялалт багийн сургуульд олгосон байна.
Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Хэрлэн сумын 5, 8, 12 дугаар сургууль, Хан-Уул сургууль, “Шинэ хөгжил” сургууль, Хөлөнбуйр сумын сургууль, цэцэрлэг, Баянтүмэн сумын сургууль, Сэргэлэн сумын сургууль болон Хэрлэн сумын 2, 5, 12, 15, 16, 19 дүгээр цэцэрлэгүүдэд тус тус гардууллаа.
Тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Ш.Ёл боловсролын байгууллагуудын төлөөлөлд хүлээлгэн өгч, хүүхэд, суралцагчдын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулахад бодит хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.