Баян-Өлгий аймгийн шүүх

Баян-Өлгий аймгийн шүүх

Share

Баян-Өлгий аймаг, Өлгий сум Шүүхийн Тамгын газар

Photos from Баян-Өлгий аймгийн шүүх's post 16/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭСТЭЙ
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас тавьсан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Р.Еркинжан нь шинжээч томилоход анхаарах асуудал, шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай баримт бичгийн талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Тус уулзалтад Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслахууд оролцож, шүүхээс шинжээч томилоход гарч буй хүндрэлтэй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-04-16
https://courtbu.mn/site/single/994

Photos from Баян-Өлгий аймгийн шүүх's post 13/04/2026

СУРАГЧДАД “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлогийг таниулах өдөрлөгийг шүүхийн байранд зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааны хүрээнд сурагчдад шүүхийн талаар асуумж бөглүүлсний дараа шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэг шүүхийн тухай ойлолт, эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар танилцуулга хийж, мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан яриа өрнүүлжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2026-04-09
https://courtbu.mn/site/single/993

07/04/2026

“БААВГАЙ” АГНАСАН ГЭХ ИРГЭНД ХУУЛЬД ЗААСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ШИЙДВЭРЛЭВ

Шийдвэрийн дугаар: 2026.02.26-2026/3034/ЭХ/ШЗ/000061

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм–01

Санамж: Энэхүү мэдээлэл нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, харин шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ба прокуророос яллагдагчид “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ.

Яллагдагч С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Б аймгийн Ц сумын 00 дугаар “Б” багийн нутаг дэвсгэр “С” хэмээх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгайг агнаж, 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Б аймгийн Ц сумын 00 дүгээр /Х/ багийн нутаг дэвсгэрт байх өвөлжөөний байшиндаа уг баавгайн түүхий эд болох сарвууг хадгалж, экологи эдийн засагт хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр С.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан байна.
Яллагдагч С.Т нь Б аймгийн Ц сумын 00 дугаар /Б/ багт оршин сууж байгаа ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэмжээ болон орон нутгийн онцлог зэргийг харгалзан Б аймгийн Н сумын Ц боомтоор дамжин Монгол Улсын хилээр гарч яван эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах болзошгүй үндэслэл тогтоогдсон буюу Е... дугаартай гадаад паспорттой тул түүнд “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд авах саналыг Прокурорын газраас хүргүүлсэн байна.
Яллагдагч С.Т-ын Е... дугаартай гадаад паспорттой болох нь прокурорын саналд хавсарган ирүүлсэн үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.
Иймд яллагдагч С.Т-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзлээ.

Хураангуйг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат.
https://courtbu.mn/site/decision_full/33

03/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 262 өргөдөл хүлээн авсан бөгөөд өмнөх оны үлдэгдэл 111 өргөдлийн хамт нийт 373 өргөдлөөс 217 өргөдлийг шийдвэрлэж, 38 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр, 44 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж, 74 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэгдсэн 217 өргөдлийн 197 маргаан буюу 92,1 хувийн талуудын эвлэрэл амжилттай болж, 20 маргааны талууд эвлэрэхээс татгалзсан буюу шийдвэрлэлт амжилтгүй болжээ.
Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг ангилахад иргэний эрх зүйн маргаан 334 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргаан 39 өргөдөл хүлээн авсан байна.
2026 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэгдсэн өргөдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 41,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд талуудын байгуулсан 187 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-27

03/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

Эрүүгийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 30 хэрэгт нэмж 99 эрүүгийн хэрэг хүлээн авч, нийт 129 эрүүгийн хэргээс 8 хэргийг прокурорт буцааж, 92 хэргийг шийдвэрлэж, 29 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 18 хэргээр буюу 19,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2026 оны 1 дүгээр улирлын байдлаар шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 24, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3, хулгайлах 5, залилах 4, дээрэмдэх 1, мал хулгайлах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 27, бусад зүйл ангиар 15 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.
Ял шийтгүүлсэн 79 хүнийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны 1, 18-21 насны 6 хүн, 22-29 насны 17 хүн, 30-34 насны 25 хүн, 35-аас дээш насны 30 хүн бөгөөд шүүхээр ял шийтгүүлсэн 79 хүний 9 хүнийг хорих ялаар, 47 хүнийг торгуулийн ялаар, 5 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 18 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 15 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 87,850,000 төгрөг байна.
Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 92 эрүүгийн хэргийн улмаас 45 эрэгтэй, 16 эмэгтэй, насанд хүрээгүй 5 хүүхэд, 5 төрийн байгууллага хохирсон бөгөөд 28 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 414,495,000 төгрөг бөгөөд үүнээс шүүхийн шатанд 384,515,600 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 2 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоожээ. Тус шүүх нь 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 13 яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 7 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 4 яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн талаар:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 269 хэргийг хүлээн авч, 263 зөрчлийн хэрэг шийдвэрлэснийг өмнөх оны 1 дүгээр улиралд шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгтэй харьцуулбал 46 зөрчлийн хэргээр буюу 17,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-27

03/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 402 иргэний хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 188 иргэний хэрэгтэй хамт нийт 592 иргэний хэргээс 51 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг шилжүүлж, нийт 381 иргэний хэргийг шийдвэрлэж, 211 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 126 хэргээр буюу 33,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт шийдвэрлэсэн 381 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 229 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 66, зээлийн гэрээний маргаан 15, түрээсийн гэрээтэй холбоотой 1, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 1, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 18, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан 75, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 4, гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол 1, иргэний эрх зүйн бусад маргаанаар 48 хэргийг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 86 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт 8, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 56, бусад төрлийн хүсэлтээр 22 хэргийг тус тус шийдвэрлэжээ.
Гэр бүлийн тухай хуулиар нийт 31 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 28, эцэг тогтоолгох тухай 3 хэргийг шийдвэрлэж, 57 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар 28 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 22, цалин хөлсний маргаан 6 хэргийг тус тус шийдвэрлэжээ. Мөн бусад хуулиар 7 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний 381 хэргийн 182 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 165 хэргийг шүүх хуралдаанаар, 34 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 26,589,782 төгрөгийг улсын орлого болгожээ.


БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-27

03/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 63 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт 85 захиргааны хэргээс 26 хэргийг шийдвэрлэж, 55 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт шийдвэрлэсэн 26 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 5, газрын маргаан 7, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 4, төрийн хяналт, шалгалтын маргаан 5, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 1, бусад хуулиар 4 маргааныг шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт шийдвэрлэсэн 26 захиргааны хэргээс 5 хэргийг хялбаршуулсан журмаар, 21 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, байгууллага албан тушаалтан 26 удаа хариуцагчаар оролцсон байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,825,200 төгрөгийг улсын орлого болгожээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-27

03/04/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
Иргэний хэргийн мэдээ:
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар /2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл/ 20 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 20 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 38 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 20 иргэний хэргээс 11 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 4 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 5 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэргийн мэдээ:
Тус шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар эрүүгийн 12 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг 2025 оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 14,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс шилжүүлсэн 23 хэргийг хүлээн авч, нийт 12 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 7 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн хэргийн мэдээ:
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн 29 хэргийг хүлээн авч, 24 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 58,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 24 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 18 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 5 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 1 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-27

Photos from Баян-Өлгий аймгийн шүүх's post 25/03/2026

ШҮҮГЧ Б.БОЛОРМАА АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр зарлигаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормааг “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхийн хурлын танхимд болж, шүүгч, Ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Шүүгч С.Болормаа нь улсад 25 жил ажилласнаас шүүхийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа, үүнээс шүүгчийн ажлын гарааг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон эхэлж, 6 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж, амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ийнхүү “Алтан гадас” одонгоор шагнасныг ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Төрийн дээд одон медалиар шагнуулсан Б.Болормаа шүүгчид баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2026-03-25

Photos from Баян-Өлгий аймгийн шүүх's post 25/03/2026

ШҮҮХИЙН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллах үеэр эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаар зарлигаар Баян-Өлгий аймгийн шүүхийн ахмад ажилтан А.Рота “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор, шүүхийн ахмад ажилтан А.Еркегүл “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар тус тус шагнуулсанд баяр хүргэж, шүүхийн хамт олны төлөөлөл хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд одон, медалиар шагнуулсан Баян-Өлгий аймгийн шүүхийн ахмад ажилтан А.Рота, А.Еркегүл нарт баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2026-03-25

21/03/2026

⚖️МЭНДЧИЛГЭЭ ⚖️

🌞 Эх дэлхийгээ гэрэлтүүлэн ивээгч алтан Наран,
🌌 Мөнх хөх тэнгэрийн дор,
🏞️ Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн амьдран суугаа,
👴 Азай буурал аксакалууд,
👩‍🦳 Ачит энэрэлт ээжүүд,
🇲🇳 Монгол Улсынхаа нийт ард иргэд Та бүхэндээ:

🌱 Шинэ цагийн эхлэл,
🤝 Эв нэгдлийн бэлгэдэл болсон,
☀️ Нарны баяр – “Наурыз” баярын халуун дотно мэндийг өргөн дэвшүүлье!

✨ Ұлыс оң болсын,
🌾 Ақ мол болсын!

⚖️ Баян-Өлгий аймгийн шүүхийн хамт олон
📅 2026.03.21

_______________________

⚖️ ҚҰТТЫҚТАУ ⚖️

🌞 Жер дүниені нұрға бөлеген алтын Күннің астында,
🌌 Мәңгілік көк аспанның аясында,
🏞️ Туған еліміздің төрт бұрышы, сегіз тарапында өмір сүріп жатқан,
👴 Ақ сақалды ардақты аталар,
👩‍🦳 Аяулы да мейірімді аналар,
🇲🇳 Монгол елінің барша халқына:

🌱 Жаңа дәуірдің бастауы,
🤝 Бірліктің нышаны болған,
☀️ Күн мен түн теңелген – «Наурыз» мерекесімен шын жүректен құттықтаймыз!

✨ Ұлыс оң болсын,
🌾 Ақ мол болсын!

⚖️ Баян-Өлгий аймақтық сот ұжымы
📅 2026.03.21

Photos from Баян-Өлгий аймгийн шүүх's post 17/03/2026

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас тус аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, мөрдөгчид, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй албан хаагчидтай хамтарсан уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид болон Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Ерлан, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн болон шүүгчийн туслахууд оролцлоо.

Уг уулзалтаар эрх бүхий албан тушаалтнуудтай зарим асуудлууд болон эрүү, зөрчлийн хэргийг шүүхэд хүлээлгэж өгөхөд анхаарах зүйлийн талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар болж хэлэлцсэнээр уулзалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2026-03-16

Want your business to be the top-listed Government Service in Ul'gey?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ul'gey
83000