Шүүхийн мэдээ

Шүүхийн мэдээ

Share

Public service

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ 42 ХҮН, 3 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМ 10/03/2026

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ 42 ХҮН, 3 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу.
https://citycourt.mn/site/index.php?newsid=1914&fbclid=IwY2xjawQctONleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEesvvoDNP_CWzYy4VnV7iBAaxJ8wXUSCT2faB0ewThicPdPPy3IrxqMYWP8IQ_aem_xG594yFsZQJGnZiUgpDTEw

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ 42 ХҮН, 3 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

09/03/2026

БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Шүүхийн шийдвэрийн тойм: 2026.03.09 №01

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө бага насны хохирогч С-г цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 02 дугаарын сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд О нь шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүүхдийн эх О-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир улсын яллагч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан тул хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/132288?daterange=2026-01-01%20-%202026-03-09&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү

https://arcourt.mn/site/decision_full/64

04/03/2026

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны гуравдугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

12/11/2025

ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТАЛААР

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5555 дугаартай захирамж
Шүүхийн процессын тойм: № 5, 2025.09.12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Яллагдагч Ц.Д-г 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “хоёр, түүнээс дээш хүнийг алах, ...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан /хаалттай/-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна...хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасугай...” гэж,
Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.
Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин шилжиж ирсэн.
Шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг) бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг хэлэлцэх хуралдаан болно.

Жич: 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тойм гаргах болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир

23/07/2025

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182, 2194 дугаартай яллагдагч Э.Т, Ц.С, Л.А нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн захирамжид прокурор гомдол гаргасныг хянан хэлэлцэж, яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар

23/07/2025

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН БОЛ ШҮҮХ ГЭРЛЭГЧДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.26-ны өдрийн 307/ШШ2025/01134

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нөхөр Ө нь байнга архи уудаг бөгөөд архи уухаараа догшин ширүүн ааштай болж, цохиж нүддэг болсон. Зодож цохихоороо араатан шиг гарт таарсан мод, чулуу юугаар ч хамаагүй цохиж нүддэг. Ө нь 2017 онд намайг зодож, миний уруулыг сэтэлж, үүдэн шүдийг маань унагаасан. Тухайн үед надад цагдаа дуудах боломж олгоогүй. Гэрээсээ ч гаргахгүй, гар утсыг маань хураагаад авчихсан. Би урууландаа 8 оёдол тавиулж, одоо болтол үүдэн шүдээ хийлгэж чадаагүй явж байгаа. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй.” гэж тодорхойлсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “...гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж заасан.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон байх”-ыг ойлгоно.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Т нь хариуцагч Ө-ийн байнгын хүчирхийлэл, дарамтад өртдөг, түүнд зодуулсны улмаас уруулаа сэтлүүлж, үүдэн шүд нь унасан зэрэг нөхцөл байдлын талаар дурдаж, энэ талаарх гэрэл зургийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тул шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдол гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах шалтгаан нь хариуцагч Ө-ийн байнга архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ө нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин А, хүү А нарыг нэхэмжлэгч Т-ийн асрамжинд үлдээж, эцэг Ө-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.



Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг.



Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

23/07/2025

Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182 дугаар захирамж

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “... Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.

Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст бэхжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг харгалзан үзэх учиртай.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... оргон зайлах, ...” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.



Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан 23/07/2025

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНӨӨР ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 210/МА2025/00460 дугаар магадлал



Тоймын дугаар, огноо: 2025.06.03 №



Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.



Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”



Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335,574,378 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.



Хариуцагч Б.Э нь “…2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээгээр зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 2021 оноос өмнөх харилцааг арбитрын хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн ...нэхэмжлэгч тал арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2021 оноос өмнөх харилцааны шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, зээлийн гэрээний харилцаанд хамааруулж, дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй …” гэж маргажээ.



Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж дүгнэн хариуцагч Б.Э-наас 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,574,378 төгрөгт холбогдох хэсгийг “нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.



Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд дараах дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Үүнд: хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар талууд аман хэлбэрээр харилцан тохиролцон “Ю ББСБ” ХХК-аас Б.Э-ийн данс руу 150,000,000 төгрөг шилжүүлсэн, хожим зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасантай нийцэж байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрээр ...талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг арбитрын ажиллагааны журмаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх, “нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй” гэж дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг 305,067,617 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагч Б.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 305,067,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.



Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/33184?daterange=2025-01-01%20-%202025-06-03&id=2&court_cat=1&bb=1



Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

22/07/2025

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Шийдвэрийн дугаар: 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2158, 2159 дугаар захирамж

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад:

Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэв.

Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан болно.

Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,

Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутаас тус тус хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.



Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны

анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин

22/07/2025

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1963 дугаартай захирамж.

Шүүхийн шийдвэрийн тойм: Дугаар , 2025 оны 06дугаар сарын 28-ны өдөр.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр сэжигтэн Г.Ч-г баривчлах саналыг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтэн болон өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...;” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн Г.Ч-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин прокурорын саналд дурсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол.” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.



Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр

22/07/2025

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 210/МА2025/00460 дугаар магадлал

Тоймын дугаар, огноо: 2025.07.18 №7
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335,574,378 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.Э нь “…2021 оны 03 сарын 30-ны өдрийн ЗГ20211 дугаартай гэрээгээр зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 2021 оноос өмнөх харилцааг арбитрын хэлэлцээр хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн ...нэхэмжлэгч тал арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2021 оноос өмнөх харилцааны шаардах эрхийн үндэслэлийг буруу тайлбарлаж, зээлийн гэрээний харилцаанд хамааруулж, дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй …” гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж дүгнэн хариуцагч Б.Э-наас 150,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,574,378 төгрөгт холбогдох хэсгийг “нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдөр ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул ЗГ202101 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд дараах дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Үүнд: хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар талууд аман хэлбэрээр харилцан тохиролцон “Ю ББСБ” ХХК-аас Б.Э-ийн данс руу 150,000,000 төгрөг шилжүүлсэн, хожим зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасантай нийцэж байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 211 дугаартай шийдвэрээр ...талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг арбитрын ажиллагааны журмаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх, “нэхэмжлэгч нь 2021 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй болох нь Арбитрын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй” гэж дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, мөн зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг 305,067,617 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагч Б.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 305,067,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/33184?daterange=2025-01-01%20-%202025-06-03&id=2&court_cat=1&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд
Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Монгол Улс
Ulaanbaatar
15170