21/05/2026
АЛБАНЫ УДИРДЛАГА БОЛОН ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛТНҮҮД ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Үндэсний геологийн алба нь хуульд заасан Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа зураглалын болон сэдэвчилсэн судалгаа түүн дотроо гидрогеологи, гео орчны судалгааны өнөөгийн түвшин, түүнтэй холбоотой мэдээллийн сангууд хэрхэн бүрдэж байгаа болон түүний системийн хөгжүүлэлтийн талаар танилцуулсан бөгөөд цаашид Монгол орны өмнөд хэсэг болон говийн бүсэд гидрогеологийн суурь судалгааг хэрхэн өргөжүүлэх, судалгааны үр дүнг хэрхэн хуулийн хүрээнд нийтийн хүртээл болгон цаашдын бүс нутгийн хөгжил дэвшилд нэмэр болох талаар санал солилцлоо. Үүнээс гадна өмнө нь Оюутолгой ХХК-ийн удирдлагатай харилцан тохиролцсоны дагуу өмнөд говийн бүс түүн дотроо тусгай зөвшөөрлийн эргэн тойронд хийгдсэн гүний гидрогеологи, орчны гео-экологийн судалгааны ажлын үр дүнг хуулийн хүрээнд Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан /NGDB/-д нэгтгэн нийтийн хүртээл болгох талаар хэрхэн хамтран ажиллах саналаа солилцлоо.
https://ngs.gov.mn/23150-2/
20/05/2026
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2026 ОНООС ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ АЖЛЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", "Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээний хүрээнд геологи, ашигт малтмал, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан аж үйлдвэр, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт болон эрдэс түүхий эдийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шинээр эхлүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 4, сэдэвчилсэн судалгааны 4 нийт 8 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, тендерт шалгарсан гүйцэтгэгч нартай геологийн судалгааны ажлын гэрээг байгуулан төслийн ажлыг эхлүүллээ.
https://ngs.gov.mn/23138-2/
19/05/2026
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТЫН БАГ ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙНА.
Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс Засгийн газрын агентлагийн сул орон тоог нөхөх үйл ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, баталгаажуулах зорилго бүхий Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн аудитын баг Үндэсний геологийн албанд ажиллаж байна.
Аудитын зорилго нь байгууллагын сул орон тоог нөхөх үйл явц хууль, журамд нийцэж буй эсэхийг үнэлж, дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах юм. Энэ хүрээнд сул орон тоо үүссэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, тухайн орон тоог олон нийтэд нээлттэй мэдээлсэн байдал, байгууллага дотор шилжих, сэлгэн ажиллуулах үйл ажиллагааны хэрэгжилтийг нягталж байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагчдыг шатлан дэвшүүлэх зарчмыг баримталж, тэгш өрсөлдөх боломжийг хангаж байгаа эсэх, нэр дэвшүүлэх болон томилох үйл явц хууль тогтоомжид нийцсэн байдалд үнэлгээ өгнө. Үүний зэрэгцээ хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажилласан эсэхийг мөн адил аудитад хамруулж, цогц байдлаар дүгнэх юм.
https://ngs.gov.mn/23085-2/
13/05/2026
Конрад-Аденауэр сангийн ажлын хүрээнд Япон улсын Токио хот дахь Накасон энх тайвны хүрээлэн (NPI)-ийн ахлах судлаач Takahisa Nakaji, БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (KIEP)-ийн судлаач Soo Hyun Oh, Францын олон улсын хамтын ажиллагааны институтын (IFRI) судлаач John SEAMAN, Европын Холбооны нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх CRM Facility санаачилгын шинжээч Artyom SITNIKOV, Финландын Эдийн засгийн аюулгүй байдлын форумын хөтөлбөрийн менежер Antti Viktor Rauhala нар Үндэсний геологийн албаны болон Монгол Солонгосын хамтарсан ховор металл боловсруулах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
https://ngs.gov.mn/23079-2/
06/05/2026
Үндэсний геологийн алба Хил хамгаалах ерөнхий газрын хоорондын санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар санамж бичигт дурьдсан хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай геологийн зураг, мэдээллийн санг хамтран ашиглах, мэргэжил, арга зүйгээр хангахад харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд харилцан мэдээлэл солилцож, холбогдох сургалт зохион байгуулах ажлыг эхлүүлэх, хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
https://ngs.gov.mn/23056-2
05/05/2026
“МЭРГЭЖИЛ, АРГАЗҮЙН СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үндэсний геологийн албанаас улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй геологийн судалгааны төслүүдийг гүйцэтгэгч геологичдод зориулсан “Мэргэжил, арга зүйн сургалт”-ыг 2026 оны 04 дүгээр сарын 27–30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад 19 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 23 төслийн 50 гаруй геологич хамрагдаж, геологийн судалгааны ажлын арга зүй, чанар, үр дүнг сайжруулах, мэргэжлийн мэдлэг, туршлага солилцох чиглэлээр оролцлоо.
Сургалтыг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг нээж, сургалтын зорилго, тус албаны үйл ажиллагааны зорилт, цаашдын төлөвлөлт, геологийн салбарын хөгжил, дэвшлийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцов. Мөн сургалтын төгсгөлд оролцогчдод батламж гардууллаа.
Сургалтын хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачид дараах үндсэн сэдвүүдээр илтгэл тавьж, мэдлэг, туршлагаа хуваалцав. Үүнд:
• Эрэл, хайгуулын шатанд хийх хүдэржилтийн геологийн тогтцын судалгаа
• Ашигт малтмалын эрлийн шалгуур шинж тэмдэг түүний судалгаа
• Геологийн зураглал, ерөнхий эрэлд ашиглах судалгаа, шинжилгээний цогцолбор арга
• Порфирын хүдэржилтийн эрлийн шалгуур шинж: Өмнөд Монголын жишээн дээр
• 1:50 000-ны масштабын зураглалын зааврын нэмэлт өөрчлөлт
• Ажлын цаг зарцуулалт /ТНЛ/
• Тектоникийн зураг, түүнд тавигдах шаардлага
• 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ашигт малтмалын судалгааны ажлын геологийн даалгаврын үндэслэл
• Регионал стратиграфийн ангилал
• Эх газрын рифтийн хөгжил, судалгаа (Монголын жишээн дээр)
• Тектоникийн зураг зохиох аргачлал, туршлага
• Эрлийн шалгуур, шинж тэмдэг (Геохимийн жишээн дээр)
• Зөөгдмөл цирконы геохронологийн шинжилгээний дүнгийн тайлал
• МонГеоКол системийн хэрэглээ
• Геологийн баримтын төв архивд тайлан хүлээлгэн өгөх журам зэрэг.
Сургалтын үеэр илтгэл, хэлэлцүүлэг, асуулт-хариултын хэлбэрээр оролцогчдын идэвхтэй оролцоог хангаж, геологийн судалгааны ажлын хэрэгжилт, арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцлоо.
Үндэсний геологийн албанаас цаашид энэ төрлийн мэргэжил, арга зүйн сургалтыг уламжлал болгон жилд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтын агуулга, чанарыг сайжруулах зорилгоор оролцогч геологичдоос санал асуулга, судалгаа авлаа.
Сургалтад идэвхтэй оролцсон нийт геологичид, илтгэгч эрдэмтэн, судлаачид болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.
https://ngs.gov.mn/23031-2/
21/04/2026
Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбилэг Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч хатагтай Агата Обратаньскаг хүлээн авч уулзлаа.
Үндэсний геологийн алба болон БНПУ-ын Геологийн хүрээлэн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан тойм судалгааны төслийн гэрээний хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Мөн уг уулзалтаар геологи, дэлхий судлалын чиглэлээр шинээр боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Польш Улсын их дээд сургуулиудад геологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамруулах боломжийн талаар мөн мэргэшүүлэх дунд, урт хугацааны сургалтууд зохион байгуулах, хоёр орны оюутан залуус, мэргэжилтнүүдийг дунд, богино хугацаагаар солилцох талаар харилцан санал бодлоо солилцлоо.
https://ngs.gov.mn/22905-2/
15/04/2026
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Үндэсний геологийн алба Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-тай Монгол Улсын хил орчмын бүс нутгийн геологийн тогтоц, ашигт малтмал, гео-орчин, гео-гамшиг болон бусад газрын хэвлийн онцлогийг тодорхойлох суурь судалгааны ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулах, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай суурь судалгааны чиглэлээр мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хил орчмын газрын хэвлийн цахим өгөгдөл болон зурган мэдээллийг зохих түвшинд солилцож хил орчмын судалгааны ажилд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбилэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Шинэ-Од, Геологийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн П.Энх-Амгалан нар нөгөө талаас Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, Захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн дэд дарга, бригадын генерал, Д.Мөнгөнжин, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэчимэг, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Г.Цогбадрах нар оролцлоо.
https://ngs.gov.mn/22868-2/