02/12/2024
НОМЫН САНЧ, МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН “MONGOLIAN LIBRARY UPDATE” ЗӨВЛӨГӨӨН XI УДААГИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР “3.0” ЗОРИЛТ РУУ ШИЛЖНЭ
“Хамтдаа хөгжье” уриатай Монголын номын санчдын “Mongolian library update” зөвлөгөөн XXI дэх удаагаа 2024 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан. Зөвлөгөөн Соёл, спорт, аялал жуулчлалын, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Монголын номын сангуудын консорциум, хамтран ажиллагч, зохион байгуулагчаар Дотоод хэргийн их сургууль ажиллаж байна.
Зөвлөгөөнд бүх шатны номын сангуудын төлөөлөл 100 гаруй номын санчид хамрагдлаа.
“Mongolian library update” зөвлөгөөн 2014 онд анх зохиогдож эхэлсэн цагаасаа тасралтгүй зохиогдсоор ирсэн бөгөөд улс орон, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд жилүүдэд ч салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн болоод бусад салбарын эрдэмтэн судлаачдын өргөтгөсөн хүрээнд хэлэлцэж дүгнэлт, шийдэл гарган төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр салбарын эрх зүйн байдлыг тодорхой болгож, номын сангуудын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн, олон улсын стандартад нийцүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр түүчээлсээр ирлээ.
Энэ хугацаанд тус зөвлөгөөнөөр дотоод гадаадын нийт 90 гаруй номын санч, мэдээллийн ажилтны 120 гаруй сэдвээр асуудал хөндсөн илтгэл хэлэлцсэн бөгөөд тэдгээрийн хэрэгжилт, үр дүн нь 90 гаруй хувьтай байгаа нь зөвлөгөөнд оролцогч номын санч- мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч бидний, хамтран ажиллагч төрийн болон хувийн хэвшлийн номын сан, мэдээллийн байгууллага та бүхний минь бахархууштай, бахдууштай нэгэн зүйл мөн. Бид өнгөрөгч арван жилд хамтдаа хөгжиж чадсан.
XI дэх удаагийн зөвлөгөөнөөр өнгөрсөн арван жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа дүгнэж, ирж буй шинэ арван жилд анхааран ажиллах 3.0 төлөвлөгөө, зорилтоо танилцуулахын зэрэгцээ нийтийн болон ИДС, ЕБС-ийн сургуулийн номын сангуудын асуудлыг нарийвчлан авч хэлэлцсэн бөгөөд номын сангаас гарах соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөлдлөө. Мөн салбарын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, ном зүйн мэдээллийн нэгдсэн сан, сэтгүүлийн нэгдсэн сан үүсгэх чиглэлээр хамтын ажиллагааны уриалга, урилгыг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлнэ.
МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ

15/11/2023
15/11/2023
13/11/2023
22/05/2023
22/05/2023
22/05/2023