31/05/2026
2026.05.30
Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбооны 19 алхагч Төв аймгийн Батсүмбэр сумыг зорин нэг өдрийн алхалт аялалд амжилттай оролцоод ирлээ.
Энэ өдрийн аялал байгалийн үзэмж, цэвэр агаар , нөхөрлөлийн халуун уур амьсгал, эрүүл идэвхтэй амралтаар дүүрэн байв. Бид нийт 15 км явган алхаж, хаврын шимт халиар түүж, ил гал дээр чанасан хээрийн цай уун, шинэхэн халиараар амталсан гал дээр шарсан хуушуур идэж, амьд хөгжмийн эгшигтэй нэгэн өдрийг мартагдашгүй өнгөрөөлөө.
Аяллын хөтөлбөрийг сонирхолтой, дэг журамтай, аялагчдын хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулж, сайхан дурсамж бүтээж өгсөн Баагийтай аялцгаая /Steppe Treks by Baagii/ Пэйжийн "Зэлмэ Ач" аяллын компанийн хамт олонд нийт алхагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
29/05/2026
Энэ амралтын өдрүүдэд албан ёсны алхалт байхгүй. Тус холбооны алхагчид хөдөө орон нутаг руу тусгай хөтөлбөртэй.
29/05/2026
🌷Өнөөдөр Төрийн ордонд “Алдарт эх”-ийн одонгоо гардан авч буй Сонгинохайрхан дүүргийн алхагч ээж нартаа халуун баяр хүргэе.
29/05/2026
БИД ЖАРГАЖ АЛХДАГАА
Хаврын зөөлөн салхинд
Харгүй замыг өнгө нэмж
Халиар яргуйтай ижилсэж
Хамтдаа алхдагаа бид
Бид эрүүл амьдрагсад
Бид энерги түгээгчид
Цэцэгс алаглах зундаа
Цээж дүүрэн амьсгалаад
Цээлхэн дуугаа аялсхийгээд
Цэнгэл баясалтай алхдагаа бид
Бид эрүүл амьдрагсад
Бид энерги түгээгчид
Намрын налгар наранд
Найгах моддын дунд
Навчис хөглөрөх жимээр
Налайж тайван алхдагаа бид
Бид эрүүл амьдрагсад
Бид энерги түгээгчид
Жавартай өвлийн хүйтэнд ч
Жагсаалын цэргүүд шиг цэгцтэй
Жавхаа золбоо хийморьтой
Жаргаж алхдагаа бид
Бид эрүүл амьдрагсад
Бид энерги түгээгчид
Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Лхагвадорж
2026.05.27 Найрамдал зуслан
29/05/2026
Талархал
Ноён уулын клубтэй хамтран зохион байгуулсан шөнийн алхалтын үеэр азтан шалгаруулж, оролцогчдыг урамшуулан дэмжсэн Ивээлт сочи компанийн захирал, “Амар мэнд” клубийн тугтан гишүүн О.Алтаншагай танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та алхалтын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон холбоо клубуудын үйл ажиллагааг үргэлж дэмжин, эрүүл зөв амьдралын хэв маягийг олон хүнд түгээж яваа шилдэг алхагч билээ.
Олон хүнийг алхалтын спортоор дамжуулан идэвхтэй хөдөлгөөн, эрүүл дадалд уриалан манлайлж байдагт тань баярлалаа.
Танд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 👏
27/05/2026
🌙 2026.05.27-ны үдэш
Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоо болон Ноён уулын клуб хамтран Баруун салааны Бумбатын рашаанаас Найрамдлын Цохиот хад чиглэлээр 10 км-ийн шөнийн явган алхалтыг амжилттай зохион байгууллаа.
Шөнийн намуухан чимээ, байгалийн цэвэр агаар, өнгө өнгийн цэцэгсийн дунд алхаж, уулын эзэн бугатай учирсан нь энэ алхалтыг улам онцгой, дурсамж дүүрэн болгож чадлаа.
Нэгэн зорилгын төлөө нэгдэн алхсан нийт алхагчдадаа баярлалаа.
Дараагийн алхалтаар дахин уулзацгаая! 🚶♂️🚶♀️
27/05/2026
Send a message to learn more
26/05/2026
Дөрвөн их хайрханы дунд Улаанбаатар хот оршдог. Баянзүрх, Цэцээ гүн, Чингэлтэй, Сонгинохайрханаа бид мэддэг сайн бил үү
ЧИНГЭЛТЭЙ УУЛ
Нийслэлийн баруун хойд талд оршдог, далайн төвшнөөс дээш 1831 /1947/ метр өндөр. Алсаас харахад олон шавь нартаа ном айлдаж буй өвгөн багш мэт харагддаг учраас “Лам” эзэнтэй уул хэмээдэг. Тиймээс Чингэлтэй уулын энгэр бэлээр шашны өргөө сүм, дуган дацан олноор байгуулагдаж, эрдэм номын нянба бясалгал их хийгддэг байжээ. Чингэлтэй уулын урд бэлээр Гандантэгчилэн, Дамбадаржайлин, Автай сайн хааны өргөө, Гэсэр сүм, Шар орд, Бэтүб хийд, Чойжин ламын сүм зэрэг бурхан шашны оронгууд баригджээ...Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр гэх мэт жижиг амуудтай. Эдгээр амнуудаас 20 орчим жижиг гол горхи урсан гарч Сэлбийн гол болж улмаар Туул голд цутгадаг. Эдүгээ нийслэлийг тойрон хүрээлэх 4 уулаа тахихдаа Чингэлтэй уулаас эхлэн тахидаг уламжлалтай.
БАЯН ЗҮРХ УУЛ
Зүүн урд орших сүрлэг уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1846 /1860/ метр өндөр. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог. Тийм ч учраас Хужирбулангийн цэргийн анги байрлаж, олон агт адууг идээшлүүлж иржээ. Баянзүрх уулын сахиус Лусын дагина ажээ. Уулыг Ар, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ.
ЦЭЦЭЭ ГҮН
Цэцээ гүн Богд хан уулын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 2268 м метр өндөр өргөгдсөн. Зарим түүхэн сурвалжид энэхүү уулын эзнийг "Цэц Гүн Ноён" гэгдэг байсан гэх ба улмаар он цагийн аясаар Цэцээ гүн хэмээн нэрийдэх болсон байна.
СОНГИНО ХАЙРХАН
Баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.
Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг.
Via:Taiz.mn
24/05/2026
Жил бүрийн 5 сарын 25-ны Үндэсний алхалтын өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбооны алхагчид өнөөдөр Зүүн салаа —> Жигжидийн цохиот хад чиглэлийн шинэ маршрутаар 13 км явган алхалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү алхалтад 16 алхагч нэгдэж, байгалийн сайхныг мэдэрч, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ шинэ маршрутыг хамтдаа нээсэн онцлог өдөр боллоо.