02/06/2026
САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас кино урлагийн салбарын уран бүтээлчдэд мэдээлэл хүргэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаг үеийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор энэ сарын чөлөөт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцэх сэдэв, хөтөлбөр:
• Кино урлагийг дэмжих сангийн ээлжит сонгон шалгаруулалтад төсөл мэдүүлэх зөвлөмж
• Найруулагч, Продюсерын холбоод уулзалт зохион байгуулах тухай
• Бусал нэмэлт мэдээллүүд
📅 Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 5, Баасан гараг, 10:00 цагаас
📝 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/KTkGKheYggE4ehH9A
Дэлгэрэнгүй мэдээллийг Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны 51-262226 утсаар ажлын цагаар лавлана уу.
30/05/2026
“МОНГОЛ КИНО” НЭВТРҮҮЛЭГ ДОЛОО ХОНОГ БҮР ТВ9 ТЕЛЕВИЗЭЭР
Кино урлагийн зөвлөл, ТВ9 телевиз хамтран шинэ үеийн кино бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилгоор “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг долоо хоног бүр хүргэж байна.
“МОНГОЛ КИНО” нэвтрүүлэг нь Ням гараг бүрийн 20:00 цагаас эхлэх бөгөөд дугаар бүрээрээ нэг кино бүтээлийг онцлон танилцуулж, бүтээлийн уран сайхны онцлог, уран бүтээлчдийн багийн ярилцлагыг хүргэх юм.
НЭВТРҮҮЛГИЙН ДАРААГИЙН ДУГААР:
* Найруулагч Б.Жаргалсайхан “Нийслэл хүүхэн:Бал Сар” уран сайхны кино
Хэзээ: 5 дугаар сарын 31, Ням гараг
Цаг: 20:00 цагаас
Үзэгч та бүхэн “МОНГОЛ КИНО” нэвтрүүлгийг Ням гараг бүрийн 20 цагаас ТВ9 телевизээр хүлээн авч үзнэ үү.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
TV9 Mongolia
30/05/2026
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН АНХНЫ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Кино урлагийг дэмжих сангийн 2024 оны сонгон шалгаруулалтаар эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийн төрөлд шалгарсан “Шидэт ертөнц” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Шарга кино театр” төсөл 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд Кино урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Хүсэлбаатар, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Онон, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны төлөөлөл нар оролцлоо.
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд байрлах Шарга кино театр нь 436,39 мкв талбай бүхий 180 хүний суудалтай сүүлийн үеийн техник, технологиор хангагдсан үзвэрийн танхимтай бөгөөд тоглоомын төв, ресторан, кофе шоп зэрэг дагалдах үйлчилгээтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Энэхүү төсөл нь орон нутагт кино урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар соёлын үйлчилгээний тэгш хүртээмжийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгож буйгаараа онцлог юм.
“Шарга кино театр” төсөл нь Кино урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийн бодит үр дүн, соёлын дэд бүтцийг орон нутагт хөгжүүлэх чухал жишээ боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Nanjid Onon
28/05/2026
“ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧДИЙН УРАЛДААН – 2026” ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Уралдаанд оролцсон сурагчид 17 багт хуваагдаж 3-5 минутын хугацаатай “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвээр богино хэмжээний кино хийсэн юм. Ирүүлсэн 17 бүтээлээс шүүгчдийн бүрэлдэхүүн эхний гурван байрыг шалгаруулж, шагналыг олгов.
1-р байранд: “Mute” баг - “Хайртай, хайргүй…” бүтээл
2-р байранд: “Junior” баг - “2103” бүтээл
3-р байранд: “5 eagle” - “The last move” бүтээлүүд шалгарлаа.
Мөн бүх оролцогч хүүхдүүдэд Азхур номын их дэлгүүрээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг бичиг, So Media компанийн гарын бэлгийг гардуулсан юм.
“Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан-2026” үйл ажиллагаанд оролцсон сурагчид, чиглүүлэгч багш нар, зочин багш нар, сайн дурын ажилтнууд болон дэмжин ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Үйл ажиллагааг дэмжин ажилласан:
Витафит милк
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор
So Media
Азхур Номын их дэлгүүр
Монгол Кино нэгтгэл ТӨҮГ
СУИС-Кино телевиз медиа урлагийн сургууль
Сити их сургууль
Кафе капсул
28/05/2026
“ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧДИЙН УРАЛДААН – 2026” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Уралдаанд оролцсон сурагчид “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвээр богино хэмжээний кино бүтээл туурвиж, нийгэмд хүргэхийг хүссэн мессежээ дүрс, өгүүлэмжээр дамжуулан илэрхийллээ. Кино бүтээлийн явцад оролцогчид зохиол бичих, зураг авалт хийх, эвлүүлэг боловсруулах зэрэг практик мэдлэг, ур чадварыг эзэмшсэн юм.
Мөн үйл ажиллагааны хүрээнд кино найруулагч, зураглаач, зохиолч зэрэг салбарын уран бүтээлчид оролцон туршлагаасаа хуваалцаж, өсвөрийн оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө өгөв.
“Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” нь хүүхэд, залуусын дуу хоолойг урлагаар дамжуулан нийгэмд хүргэх, ирээдүйн кино уран бүтээлчдийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
Үйл ажиллагааг дэмжин ажилласан:
Витафит милк
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор
So Media
Азхур Номын их дэлгүүр
Монгол Кино нэгтгэл ТӨҮГ
СУИС-Кино телевиз медиа урлагийн сургууль
Сити их сургууль
Кафе капсул
27/05/2026
УРАЛДААН ЗОЧИН БАГШ НАРЫН ХИЧЭЭЛЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан - 2026” үйл ажиллагааны зочин багш нар:
Кино зохиол, найруулга - Найруулагч Б.Гарамханд
Кино продюсер - Продюсер Ү.Баяржаргал
Орчуулгын киноны дуу оруулалт - Багш Д.Сарнай, Г.Мөнхтуул
Киноны нүүр хувиргалт - Нүүр хувиргагч Г.Хос-Эрдэнэ
Кино зураглаач - Г.Гүенбаатар
Кино зураач - Ц.Хүрэлбаатар
Кино жүжигчин - О.Тэмүүжин зэрэг уран бүтээлчид оролцогч хүүхдүүдэд
кино урлагийн салбарын мэргэжлийн онцлог, өөрсдийн туршлагаас хуваалцлаа.
Мөн Кино найруулагч, зохиолч С.Бүжин “Богино хэмжээний кино бүтээх тухай” танилцуулгыг оролцогч хүүхдүүдэд хүргэлээ.
Анхан шатны танилцуулга хичээлийн дараагаар оролцогч хүүхдүүд багт хуваагдан кино бүтээх практик ажлыг эхлүүллээ.
Тус уралдааны зорилго нь өсвөр үеийнхэнд кино урлагийн боловсрол олгох, тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
27/05/2026
“ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧДИЙН УРАЛДААН – 2026” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) арга хэмжээний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагаа нээлтээ хийлээ. Үйл ажиллагаанд кино урлагт сонирхолтой 9-11-р ангийн нийслэл, орон нутгийн нийт 100 сурагч бүртгүүлэн, оролцож байна.
05 дугаар сарын 27-ны өдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Хараацай” театрт үйл ажиллагааг нээж ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал нар үг хэллээ.
Үүний дараагаар Бусаны кино академийн төгсөгч Б.Оргилмаа “Кино гэж юу вэ, Кино хэрхэн бүтдэг вэ” сэдвээр сурагч хүүхдүүдэд танилцуулга хийв. Мөн түүнчлэн Gertoon cartoon анимейшн студийн “Оннц Дүмд” анимейшн, Найруулагч У.Пүрэвжав “Ирвэсийн амьдрал” богино хэмжээний кино бүтээлийн үзвэр боллоо.
“Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан - 2026” үйл ажиллагааны хичээлүүд:
Кино зохиол, найруулга
Кино продюсер
Орчуулгын киноны дуу оруулалт
Киноны нүүр хувиргалт
Кино зураглаач
Кино зураач
Кино жүжигчин гэсэн 7 чиглэлээр уран бүтээлч зочин багш нарын танилцуулгаар үргэлжилж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
26/05/2026
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ТАШКЕНТ ХОТНОО “МОНГОЛ КИНО ӨДРҮҮД” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсын Ташкент хотод суугаа Элчин сайдын яам, Узбекистаны Кино урлагийн агентлаг, Монгол Улсын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монголын кино өдрүүд” нээлтээ хийлээ.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улын Ташкент хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Узбекистан Улсын Кино агентлагийн захирал Шухрат Ризаев нар үг хэлж, хоёр орны найрамдал, соёлын дипломат харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд хоёр орны уран бүтээлчдийн төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.
5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус кино өдрүүдийн хүрээнд Монголын кино урлагийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэх түүхэн болон орчин үеийн бүтээлүүдийг Узбекистаны үзэгчид болон тус улсад суугаа Монгол иргэдийн хүртээл болгож байна. Кино өдөрлөгийг найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны киноор албан ёсоор нээсэн бөгөөд цаашлан Б.Энхбаряын “Шувуулахуй” баримтат кино, найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр” болон найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кинонуудыг үзэгчдэд толилуулах юм.
Нээлтийн өдрийн төгсгөлд хоёр улсын кино урлагийн төлөөлөгчид тусгайлсан уулзалт хийж, түүх, соёлын гүн хэлхээ холбоонд суурилсан хамтарсан уран бүтээл туурвих асуудлаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь хоёр орны кино салбарын цаашдын идэвхтэй хамтын ажиллагааны эхлэл бөгөөд шинэ боломжуудыг нээсэн чухал алхам болов. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс Ташкент хотын үзэгчид болон суурьшин суугаа Монгол иргэдээ кино өдрүүдийн хөтөлбөрт багтсан бүтээлүүдийг ирж үзэхийг уриаллаа.
“Монгол кино өдрүүд” үргэлжилж байгаа тул Ташкент хотноо суугаа кино сонирхогчид болон Монгол улсын иргэдийг хүрэлцэн ирж, үндэсний бүтээлүүдээ үзэж сонирхохыг урьж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам