31/05/2026
📌Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “Бурхан багшийн Их дүйчин өдөр” болгон тэмдэглэхээр албан ёсоор баталсан.
📌Энэхүү өдөр нь нийгэмд энэрэнгүй, нигүүлсэнгүй үзлийг түгээн дэлгэрүүлэх, Бурханы шашны зан заншил, соёлыг хадгалж хамгаалах, сайн үйл хийх, буян хураахыг уриалах мөн олон нийтийн ёс суртахууны хүмүүжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
📌Бурхан багшийн төрсөн, гэгээрсэн, нирваанд орсон гурван чухал үйл явдал нэг өдөр давхцдагаараа энэхүү өдөр нь онцгой юм.
29/05/2026
ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТАН, УЛСЫН
БАЙЦААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
📌Архивын салбарын ололт амжилт, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, чиглэлийг хэлэлцэн зөвлөлддөг “Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн” 2026 оны 05 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Архивын ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.
📌Зөвлөгөөнийг нээж Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл үг хэлж, архивын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болон шинээр санаачлан хэрэгжүүлж, төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
📌Энэ удаагийн зөвлөгөөнд төрийн 37 архивын удирдах ажилтан, улсын байцаагчид оролцож байгаа бөгөөд 2025 онд зохион байгуулсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн дүн, танилцуулга, төрийн архивын үйл ажиллагааны болон хяналтын улсын байцаагчдын 2025 оны хяналт шалгалтын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож байна.
📌Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурор, Ёс зүйн хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөллүүд уригдан оролцож “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн, мэдээ”, “Төрийн албан хаагчийн чадамжийн хүрээ-Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт”, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг ба ХНУМТ систем”, “Төрийн байгууллагын удирдах ажилтны чадамж”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа ба Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүдийг хэлэлцүүллээ.
📌Зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
27/05/2026
Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ-тэй ажил хэргийн уулзалт хийлээ
📌Уулзалтын үеэр БНСУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээлээр 2022–2025 онд Архивын ерөнхий газарт хэрэгжсэн “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл” МОН-16 төслийн талаар дурдаад цаашид АЕГ-ын албан хаагчдыг сургах, чадавхыг бэхжүүлэхэд KOICA-тай хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
📌Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд талууд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
26/05/2026
АРХИВЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН 28 ДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
📌Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 28 дугаар хуралдаан энэ оны 06 дугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
📌Тус хуралдааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 28 дугаар хуралдааныг зохион байгуулах” ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийн анхдугаар өргөтгөсөн хурлыг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгууллаа.
📌Хуралд ажлын хэсгийн дарга, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо болон Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, төрийн архивын удирдах албан тушаалтнууд оролцов.
📌Тус хурлаар хамтарсан комиссын 28 дугаар хуралдааныг зохион байгуулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох үүрэг, чиглэлийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө.
22/05/2026
📌Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2000 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 22-ны өдрийг Олон улсын биологийн төрөл зүйлийг хамгаалах өдөр болгон албан ёсоор баталсан.
📌Энэ өдөр нь биологийн олон янз байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах, нөөцийг тогтвортой ашиглахыг дэмжих, мөн устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
21/05/2026
📌Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2002 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар сарын 21-ний өдрийг Харилцан ойлголцол, хөгжил дэвшлийн төлөө соёлын олон төрөл зүйлийг дэмжих дэлхийн өдөр болгон албан ёсоор баталсан.
📌Энэхүү өдөр нь дэлхий даяарх хүмүүсийг соёлын ялгаатай байдлаа хүндэтгэх, хамтран ажиллах, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд уриалан дуудах ач холбогдолтой бөгөөд олон улсын түвшинд тэмдэглэдэг чухал өдөр юм.
18/05/2026
📌Олон улсын музейн зөвлөл (ICOM) нь 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр албан ёсоор баталсан.
📌Үүгээр дэлхийн улс орнуудын музейн үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээх, олон нийтэд таниулах ач холбогдлыг сурталчлах зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм.
📌Энэ өдөр нь музейн нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих, музейн хүртээмжийг нэмэгдүүлэх мөн боловсрол, соёлын үнэ цэнийг сурталчлан түгээхэд оршдог.