24/03/2026
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны анхдугаар хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болж Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүд, Нийслэлийн Намын Хорооны гишүүдийг сонголоо.
Мөн Үндсэн дүрэм, Ардчилсан намын дотоод зохион байгуулалтыг Үндсэн дүрэмд нийцүүлэх журам, бусад журам, удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулж Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормааг сонголоо.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Х.Болормаа Үндсэн дүрэмд заасан эрхийнхээ дагуу дэд даргаар О.Орхон, Д.Ууганбаяр, Х.Золжаргал нарыг томилуулах санал гаргасныг намын хорооны гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын тэргүүлэгчдээ сонгосон бөгөөд 3 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд үүрүүдийн хурлыг зохион байгуулан Ардчилсан намаас зохион байгуулж буй “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” үндэсний аяны хүрээнд дотоод зохион байгуулалтыг шинэчлэх үйл явцыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж буйгаа Сүхбаатар дүүргийн Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн дарга, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Х.Болормаа мэдээллээ.
24/03/2026
Сүхбаатар дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Х.Болормаа сонгогдлоо.
#Нээлттэй #Цэгцтэй #АрдчилсанНам
19/03/2026
2026: Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өмнөх жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг дуусгаж ашиглалтад оруулахын сацуу Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд олон арван бүтээн байгуулалтын ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэн
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.9 га буюу 29920 ам метр талбайд 3 давхар спорт цогцолборын барилга, хөл бөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай спорт комплексыг байгуулж байна. Барилга угсралтын ажил 80 хувьтай хэрэгжиж байна.
Камерын хяналтын дэд төв
13 дугаар хороонд газар чөлөөлөлт хийж дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн камерын хяналтын дэд төвийг байгуулж ашиглалтад орууллаа. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.
Хүүхэд, хөгжлийн төв
Сүхбаатар дүүрэг 2026 оныг "Хүүхэд хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, энэ хүрээнд олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр хөгжлийн жилийн төлөвлөгөөндөө тусгасан. Тодруулбал, дүүргийн 13 дугаар хороонд хүүхэд, багачууддаа зориулан дэргэдээ ногоон байгууламж бүхий амралтын талбайтай, хөгжмийн дугуйлан, хиймэл оюун ухаан, IT сургалт, усан бассейн бүхий "Хүүхэд хөгжлийн төв"-ийг орон нутгийн төсвөөр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
19/03/2026
2024 он: 4 дэх ялалт
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль холимог тогтолцоогоор явагдаж 126 гишүүнтэй парламентад МАН ялалт байгуулан 68 суудал авсан бол Ардчилсан нам 42 суудал, бусад нам эвсэл нийт 16 суудал авчээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүн боллоо.
Орон нутгийн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын мандатад Монгол ардын нам 40 суудал авсан бол Ардчилсан нам 5 суудлыг авснаас 2 төлөөлөгч нь Сүхбаатар дүүргээс сонгогдов.
Харин Дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ГАНЦХАН дүүрэгт ялалт байгуулсан нь Сүхбаатар дүүрэг юм. Тус Дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 мандатад Ардчилсан нам ялалт байгуулснаар тус дүүрэгт мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Тус дүүргийн Засаг даргаар Мөнхмагнайн Алтангэрэл ДИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар томилогдож 2024-2028 онд хэрэгжүүлэх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны ““Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг дэвшүүлэв.
18/03/2026
2020-2024 он: Хөгжилд хөтөлсөн он жилүүд
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2020-2024 онд хэрэгжүүлэх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийг шинээр барьж ашиглалтад оруулав.
Мөн нийт 17 цэцэрлэг, сургуулийн барилга, олон тооны гэрэлтүүлэг, камержуулалт, фасад, ногоон байгууламж, тохижилт, үерийн далан, авто зогсоол, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлжээ.
17/03/2026
Сүхбаатар дүүрэг Нийслэлийн төсөв бүрдүүлэлтэд гол үүргийг гүйцэтгэж ирлээ.
Сүхбаатар дүүрэг 2016 онд 5 тэрбум, 2017-2021 онд 34-48 тэрбум төгрөгийг Нийслэлд төвлөрүүлж байсан бол 2022 онд 229.5 тэрбум, 2023 онд 291.8 тэрбум болж огцом нэмэгдэв.
2022 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн татан төвлөрүүлсэн татварын нийт орлогынхоо 75% орчим хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг болсон нь өмнөх жилүүдийнхээс харьцангуй өссөн дүн юм.
Ийнхүү Нийслэлийн нийт орлогын 33%-ийг Сүхбаатар дүүрэг дангаараа бүрдүүлж өгдөг болсноор Сүхбаатар дүүргийн төсөвт дарамт нэмж байсан хэдий ч ЗДТГ-ын зүгээс төсвийн тооцоолол, үр ашигтай байдлыг оновчтой хэрэгжүүлж ирсний үр дүнд нийгмийн салбарт шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын эрчийг сулруулахгүйгээр амжилттай үргэлжлүүлсээр ирлээ.
17/03/2026
2022 он: Боловсролд ээлтэй дүүрэг
Сүхбаатар дүүргийн ЗДТГ нь 2021-2022 оны хичээлийн жилд боловсролд оруулсан хөрөнгө оруулалт, багш сурагчдыг дэмжсэн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллаж 5 төрлийн бодлогын баримт бичгээр 83 арга хэмжээг хэрэгжүүлж, боловсролын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад үнэтэй хувь нэмэр оруулан багш, сурагчдыг дэмжин ажилласан байна.
Сүүлийн 2020-2022 онд боловсролын салбарын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг ая тухтай орчинд сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхэд зориулж нийтдээ 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Улмаар Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар тодруулсан байна.
16/03/2026
2020 он: 3 дахь ялалт
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсан бол Ардчилсан нам 11 суудал, бусад эвсэл, бие даагч 3 суудал авчээ. Орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын мандатад МАН-34, Ардчилсан нам-8, ХҮН нам-3 суудлыг тус тус авсан бол Дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ГАНЦХАН дүүрэгт ялалт байгуулсан нь юм.
Тус Дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 26 мандатад Ардчилсан нам ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ байгуулснаар тус дүүрэгт мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Тус дүүргийн Засаг даргаар Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Хөххүүгийн Болормаа ДИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар улиран томилогдож 2020-2024 онд хэрэгжүүлэх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг дэвшүүлэв.
13/03/2026
2020 он: Цар тахлын хүнд нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулав.
Монгол Улсад 2020 оны 11 сарын 11-нд КОВИД-19-ийн халдвар анх удаа гарч Улаанбаатар хотод бүртгэгдэв. Монгол улсын Засгийн газар шуурхай хуралдаж, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу ХАТУУ хөл хорио тогтоох шийдвэрийг гаргав.
Удаа дараагийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы үед Сүхбаатар дүүргийн Онцгой комисс хууль, дүрмийн дагуу өндөр зохион байгуулалттай, чанга хатуу сахилга баттайгаар ажиллаж дүүргийнхээ хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, халдварын шинжилгээ, хүнс, шатахуун, сайжруулсан түлш, нөөцийн мах, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа, түгээлт, тээвэр зэрэг бүхий л асуудлыг зөв, шуурхай зохион байгуулж хүн амын дундах халдварын эрсдэлийг амжилттай бууруулж чадсан юм.
12/03/2026
2020 оны онцлох бүтээн байгуулалт: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг эхлүүлэв.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг барих үүднээс 8 айлын газар чөлөөлсөн.
2020 оны байдлаар тус хороонд цэцэрлэгийн насны 590 орчим хүүхэд байснаас 400 гаруй нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүндрэлтэй байсан. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 12 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь хамран сурах тойргийнхоо хүрээнд цэцэрлэгт явах боломж бүрдсэн юм.
Энэхүү цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил нь 2020 оны байдлаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын зүгээс дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 3 дахь цэцэрлэг байлаа.
10/03/2026
2018 он: БҮРЭН ХАНГАЛТТАЙ ҮНЭЛГЭЭ АВАВ.
Сүхбаатар дүүрэг 2018 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллаагаараа нийслэлийн есөн дүүргийг манлайлж, “Бүрэн хангалттай” үнэлэгдэв.
Тус дүүрэг нь 2018 онд 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 37 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 144 ширхэг гэрэлтүүлэг, 11-18 хорооны 39 байршилд 78 ширхэг камерыг тус тус шинээр байршуулсан байна.
Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлд анх удаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан “Хөдөлгөөнт оффис”, “Хог хаягдлын ухаалаг систем” зэрэг нь улсын хэмжээнд жишиг ажил болсон билээ.