05/06/2026
ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Оюун-Эрдэнэ, шүүгчийн туслах М.Номин нар 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгох, шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа сэдвүүдийн хүрээнд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт орлоо.
Уг сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, Иргэдийн төлөөлөгч сонгох, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх, тангараг өргүүлэх, нөлөөллийн мэдүүлэг, болон цалин хөлс олгох болон шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа болон зөвлөгөөний тогтоолын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ойлголт мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
04/06/2026
ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын сэтгэл зүйч М.Шугархүү шүүхийн захиргааны албан хаагч нарт “Стресс менежмент” сэдвээр 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар архаг стрессийн шинж тэмдэг, стресс менежментийн “4А” арга, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар мэдээлэл өгч, стрессийг таних болон талархлын дасгалыг бүлгээр ажиллаж ярилцав.
Сургалтын төгсгөлд албан хаагч нар баяр баяслын бясалгал хийлээ.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
28/05/2026
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН "ТЭРБУМ МОД" ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтан нар 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын Чулуутын аманд хуш мод тарилаа.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой бөгөөд Монголын Хуульчдын холбоо зохион байгуулсан бөгөөд мод тарих өдөрлөгийн хүрээнд хамтран ажиллав.
Хуш мод нь зөвхөн ой модны нэг төрөл бус, уул усны эхийг хамгаалж, хөрсний элэгдлийг бууруулан, ус чийгийг тогтоож, агаарыг цэвэршүүлдэг байгалийн үнэт баялаг юм. Мөн олон төрлийн ан амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлж, ойн эко системийн тэнцвэрийг хадгалахад онцгой үүрэгтэй юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
23/05/2026
“УЛААНБААТАР МАРАФОН 2026”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Найрсаг Улаанбаатар цогц хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос хойш зохиогдож буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 1.5км, 5км, 10км-ийн төрөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 26 шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч амжилттай оролцлоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
22/05/2026
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭРИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
Шийдвэрийн огноо, дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.01.15-ны өдрийн 128/ШШ2026/0078 дугаартай шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Гуравдагч этгээд “А” нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл, холбогдох баримтын хамт гаргасныг хүлээн авч, бүртгэжээ.
Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд хуулийн этгээдийн нэрийг монголын болон мэргэжлийн гэсэн үгээр ялгахыг хориглосон, манай байгууллагын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарыг сурталчлах зэрэг үйл ажиллагаатай гуравдагч этгээдийн чиг үүрэг давхцаж байгаа зэргээс нэрийн баталгаажуулалт нь төөрөгдөл үүсгэж, манай хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн” гэж тус тус маргажээ.
Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд зааснаар улсын бүртгэлийн байгууллага холбоо, сангийн нэрийг мэргэжлийн гэх үгээр ялгах, мэргэжлийн гэх үг нь нийтийг төлөөлсөн утгаар илэрхийлэгдэж байгаа тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр, ижил төсөөтэй гэж үзэж, мэргэжлийн гэх үг орсон оноосон нэрээр хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхгүй байхаар журамласан байна.
Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл гуравдагч этгээдийн хуулийн этгээдийн нэрийн “мэргэжлийн” гэх үг нь олон нийтийг төлөөлсөн агуулгаар бус аялал жуулчлалын салбарт мэргэшсэн, энэ салбарын мэргэжлийн байгууллага байх агуулгаар тодорхойлсон гэж үзэхээр байх тул нийтэд төөрөгдүүлсэн буюу нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн нэртэй ижил, төсөөтэй байдлаар хэрэглэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохын хувьд энэ салбарт Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт семинар, уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулах эрх аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад нээлттэй тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, чиг үүргийг тухайлсан нэг этгээд хэрэгжүүлэх эрхтэй гэх байдлаар тайлбарлах боломжгүй, зөвхөн эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх эрхтэй бусад нь болохгүй гэж хязгаарлах үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20137?daterange=2026-01-01%20-%202026-05-20&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг
21/05/2026
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах М.Баасанцэцэг, Б.Оюунтунгалаг нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүрэг болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага зэрэг холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.
Сургалтад Сүхбаатар дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 20 шүүхийн иргэдийн төлөөлөгчид оролцов.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
20/05/2026
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Б.Цогтбаяр, М.Хүсэлдэй нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүрэг болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгон шүүх хуралдаанд оролцуулах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тангараг өргөх, дүгнэлт гаргах, цалин хөлс олгох талаар болон холбогдох бусад зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.
Сургалтад Сонгинохайрхан дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 51 шүүхийн иргэдийн төлөөлөгчид оролцов.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
18/05/2026
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ ХБНГУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ОЙН ӨДӨРЛӨРТ ОРОЛЦЛОО
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн 75 жилийн ойд зориулж зохион байгуулсан өдөрлөг, үйл ажиллагаанд оролцлоо.
Тус шүүх нь ХБНГУ-ын 1949 оны Үндсэн хуулийн дагуу байгуулагдан 1951 онд үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Австрийн төдийгүй дэлхийн нэрт хуульч эрдэмтэн Ханс Кельзенийн боловсруулсан Үндсэн хуулийн хяналтын загварын сонгодог төлөөлөгчдийн нэг болох шүүх юм.
Холбооны Үндсэн хуулийн шүүх нь нийт 16 шүүгчээс бүрддэг. Тэдгээр нь 2 сенатад хуваагдан ажиллах бөгөөд 1-р сенат нь үндсэн эрхийн, 2-р сенат нь төрийн байгууллын маргааныг шийдвэрлэдэг байна.
Сүүлд хийсэн судалгаагаар Германы ард түмний 3/4 нь Холбооны Үндсэн хуулийн шүүхдээ итгэдэг талаар хариулсан нь тус шүүхийн үйл ажиллагааны мэргэжлийн өндөр нэр хүнд, хараат бус байдлыг илтгэн харуулдаг ажээ.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ