05/06/2026
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2025 оны байдлаар 12,202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.
Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх тоо бүрийн ард хүүхдийн амьдрах, сурах, хамгаалуулах гээд олон эрхийн асуудал хөндөгдөхөөс гадна, эмчилгээ, асаргааны зардалтай холбоотой санхүүгийн дарамт, баталгааны асуудал хамгийн их үүсдэг.
Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн зохицуулалт хийлээ.
Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026-06-05
04/06/2026
ОЛОН ЖИЛ ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАСАН АЖИЛТНУУДЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ЖУУХ БИЧИГ, ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНААР ӨНӨӨДӨР ШАГНАЛАА
Засгийн Газрын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын сайд Т. Аубакирийн тушаалаар нийгмийн хамгаалалын салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдыг жуух бичиг болон, тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны тэргүүний ажилтан жуух бичгээр,
-УБ СОС Хүүхдийн хотхоны ажилтан Л. Отгонжаргал,
-УБ СОС Хүүхдийн Хотхоны ажилтан Ц. Отгонжаргал,
-Монголын Хүүхдийн сангийн ажилтан Б. Жавхлан,
-Эрдэм төвийн ажилтан Г.Цэвээндорж,
-Кристина Ноблийн хүүхдийн сангийн аж ахуйн ажилтан, ээлжийн харуул Л.Агваандугар
-Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнаар
-УБ СОС Хүүхдийн хотхоны ажилтан Д. Энхболор
-Монголын хүүхдийн сангийн ажилтан Н. Баяртогос
-Цөлийн сарнай сангийн ажилтан Б. Ундармаа
-Цөлийн сарнай сангийн ажилтан П. Алтансувд
-Кристина Ноблийн хүүхдийн сангийн ажилтан М. Гэрэлмаа
-Кристина Ноблийн хүүхдийн сангийн ажилтан Б. Цэрэндолгор
Нар шагнагдав.
Шагнал хүртсэн ажилтнууд нь хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, олон жилийн турш асрамж, халамжийн төвүүдэд хариуцсан ажилдаа үнэнчээр зүтгэж, халамж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан юм. Мөн цаашид салбарынхаа хөгжилд улам их амжилт гаргаж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллахыг хүсэн ерөөе.👏👏👏
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
03/06/2026
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАНГАЖ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО
🇲🇳 Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан төлөвлөгөөг өнөөдөр хэлэлцлээ.
🏇Хүй долоон худагт уралдаанч хүүхдийн бүртгэлийн болон хүүхэд хамгааллын түр хамгаалах байрыг ажиллуулж, бүртгэл, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн бүртгэлийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, карт уншигч төхөөрөмж, интернетийн сүлжээ, цахилгаан хангамж болон бусад хэрэглэгдэхүүний бэлэн байдлыг бүрдүүлж байгаа юм.
Үүнээс гадна баяр наадмын үеэр ажиллах албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулж, ажлын хувцас, ажиллах орчин нөхцөлийг бүрэн хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Мөн уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийн материал, постер, шторк бэлтгэн түгээж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Хүүхдийн эрхийг дээдэлсэн, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг баяр наадмын өдрүүдэд шуурхай, хүртээмжтэй хүргэж, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
#ХүүхэдХамгаалал #ҮндэснийИхБаярНаадам #УралдаанчХүүхдийнАюулгүйБайдал
03/06/2026
"ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ" ТӨЛӨВЛӨГӨӨ УДИРДАМЖАА ХЭЛЭЛЦЭН ЯГ ОДОО ХУРАЛДАЖ БАЙНА
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт “Хүүхдийн төлөө за бас заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдамжийг боловсруулах хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хуралд Засгийн газрын яам, агентлагууд, Хүүхдийн төлөө салбар зөвлөлүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагууд, Цагдаагийн байгууллага, E-Mongolia болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.
Энэ удаагийн хурлаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, осол гэмтэл, хүчирхийлэл болон цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн хүүхэд хамгааллын талаар соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, уулзалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зуны амралтын үеэр хүүхдүүд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгддэг тул урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд өрнүүлэхээр болсон байна. Мөн е-mongolia-д сүүлийн өдрүүдэд 400 гаруй дуудлага ирсэн нь хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгааг хурлын үеэр онцоллоо.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
02/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА 👏🏻👏🏻👏🏻
🇲🇳 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол хүүхдийн оюун билиг, бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх тэмүүлэл, тууштай хичээл зүтгэл, онцгой авьяас чадвараараа өөрийн боломжоо амжилт болгон бүтээж, үеийнхэндээ эерэг үлгэр дуурайлал болсон сурагчдад талархал гардууллаа.
🇲🇳 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нар найзынхаа гэр бүлийн дөрвөн гишүүний амь насыг эрсдэлээс аварсан З.Эмүжин, Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн олон улсын XII уралдааны хийл хөгжмийн төрөлд алтан медаль хүртсэн Т.Есүй, Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр тэргүүтэй нийт 25 хүүхдийг алдаршуулан хүндэтгэл үзүүллээ.
🇲🇳 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хүүхэд багачуудынхаа амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлээд, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийн хэмжээнд өндөрт өргөж яваа хүүхдүүдийг цаашид ч дэмжин ажиллаж, гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээ. Мөн хүүхдүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичиг болон дурсгалын бэлэг гардууллаа.
🇲🇳 Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа амжилтаар бахархаж, тэдний хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих үйлсэд хамтдаа хүчин зүтгэцгээе.
2026.06.02
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
01/06/2026
“ЯРЬДАГ ФУТБОЛК 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн дуу хоолой, үзэл бодол, бүтээлч оролцоог дэмжих зорилготой “Ярьдаг Футболк 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг МНИСТИ Интернейшнел байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, нийгэмд хүргэхийг хүссэн санаа, уриагаа футболкон дээр зураг, дүрслэлээр илэрхийлэн оролцлоо.
Оролцогч хүүхдүүд шударга ирээдүй, аюулгүй орчин, хүүхдийн эрхийг дээдэлсэн нийгэм, үе тэнгийн дээрэлхэлтгүй сургууль, найрсаг харилцаа зэрэг сэдвийг бүтээлдээ тусган харуулж, өөрсдийн дуу хоолойг урлагаар дамжуулан хүргэлээ. Мөн хүүхэд бүр эрхээ эдэлдэг, хамгаалагдсан, хөгжих тэгш боломжтой орчинд амьдрах хүсэл эрмэлзлээ бүтээлээрээ илэрхийлсэн юм.
Арга хэмжээний хүрээнд хүүхдүүд багаар хамтран ажиллаж, бүтээлээ танилцуулан үзэл бодлоо солилцсон нь тэдний оролцоо, манлайлал, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
“Ярьдаг Футболк 2026” арга хэмжээ нь хүүхдийн эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэсэн үр дүнтэй санаачилга болсон бөгөөд хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэн хамгаалах, тэдний оролцоог дэмжих үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
Хүүхэд бүр аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих эрхтэй. Тэдний дуу хоолойг сонсож, эрхийг нь хамгаалж, хөгжлийг нь дэмжих нь хүн бүрийн үүрэг билээ.
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
#ХүүхэдХайрИрээдүй #ЯрьдагФутболк2026 #ХүүхдийнЭрх #ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр #ХГБХХЕГ
01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР МАНАЙ САЛБАРЫН 1700 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.💙
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай салбарын 1700 албан хаагч улс орон даяар хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлж, хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хамгаалан, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.
Эх орныхоо ирээдүйн ҮНЭТ БАЯЛАГ-ийн төлөө өдөр, шөнө, цаг наргүй өөрсдийн үр хүүхэд, гэр бүлээ хойш тавьж ажилладаг хайрлам зүрх сэтгэлтэй та бүхэндээ БАЯРЛАЛАА.💙💙💙
Нийт албан хаагчид болон тэдний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2026.06.01
01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.🎊🎊🎊
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хамтран Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
🔵Арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын газрын дарга Л.Бадамцэцэг оролцож, хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, хүүхдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих үйлсэд төр, иргэн, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.
🔵Мөн Хүүхдийн төлөө сангаас шагнал хүртсэн, Монгол Улсын сонгодог урлагийн ирээдүй болсон авьяаслаг хүүхдүүдийн төлөөлөл болох Монгол Улсын консерваторийн хийлийн чуулгын сурагчид Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уулын горхи” бүтээлийг тайзнаа эгшиглүүллээ.
🔵Арга хэмжээний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд, гэр бүлийн виртуал зөвлөх” цахим үйлчилгээг танилцууллаа. Энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ нь өрхийн гишүүн бүрт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх боломжтой бөгөөд иргэд “AR Mongolia” аппликейшн болон QR код ашиглан хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдээллийг шуурхай авах боломжтой юм.
🔵Түүнчлэн Монголын хүүхдийн зөвлөл болон хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болсон сурагчид “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭВЭЛ ЗААВАЛ ХИЙЕ” уриалгад нэгдэхийг олон нийтэд уриалж, 1000 гаруй хүүхэд хамтран флашмоб бүжиглэн хүүхдийн дуу хоолой, оролцооны ач холбогдлыг илэрхийллээ.
Хүүхдийн инээд хөөр цалгисан энэ өдөр хүүхэд бүр эрхээ хамгаалуулж, аз жаргалтай, дурсамж дүүрэн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх болтугай.💙
Монголын Хүүхдийн Зөвлөл - Mongolian Children's Council
Монголын Скаутын Холбоо - The Scout Association of Mongolia
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/
@Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клуб
2026.06.01
01/06/2026
“ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас талбайд нийт 10 “Хүүхэд, гэр бүлийн асар” ажиллуулж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна.
🔰”Хүүхэд, гэр бүлийн асар”-т хүрэлцэн ирсэн хүүхдүүд зураг зурах, гар урлал хийх, монгол ахуй, уламжлалт соёлтой танилцах зэрэг хөгжөөнт болон танин мэдэхүйн олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.
🔰Мөн нярай болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хөхүүлэх, асрах зориулалтын буланг ажиллуулж, живх зэрэг хэрэгцээт хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглуулж байна.
🔰Үүнээс гадна бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүлгэж, төөрсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчидтай нь шуурхай холбох, хүлээлгэн өгөх зэрэг хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байна.
🔰Арга хэмжээний үеэр Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өрхийн гишүүн бүрд 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх “Хүүхэд, гэр бүлийн виртуал зөвлөх”-ийг олон нийтэд танилцуулж байна.
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026.06.01
01/06/2026
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.💙
Монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүүхэд бүр гэр бүлдээ хайрлуулж, хамгаалагдан, аюулгүй орчинд өсөж бойжихын ерөөлийг өргөн дэвшүүлье.🎊
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрх хамгааллыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь төр, байгууллага, гэр бүл, иргэн бүрийн хамтын үүрэг билээ. Иймд хүүхдийн эрхийг дээдлэн хамгаалж, тэдний хөгжил, сайн сайхны төлөө хамтдаа, тууштай ажиллахыг уриалж байна.
Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амар амгалан, хүүхэд багачуудын минь инээд хөөрөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ХҮН БҮР ХАМТДАА, ТУУШТАЙ АЖИЛЛАЦГААЯ!
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026-06-01