25/05/2026
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ТҮҮХТ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ.
📌Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, “Иргэний агаарын тээвэрчдийн өдөр”-ийн баярын хурал өнөөдөр (2026.05.25) ЗТЯ-ны “Их нүүдэл” танхимд боллоо. Баярын хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид, Иргэний нисэхийн ерөнхий газар, нисэхийн салбарын удирдлагууд, ахмад ажилтнууд, агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, албан хаагчид өргөнөөр оролцлоо.
📌Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын нийт хамт олонд түүхт 101 жилийн ойн баярын мэндийг хүргэж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй агаарын тээвэрчдийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн талархал илэрхийллээ.
📌Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэний нисэхийн салбар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын бүрэн хэмжээний аудит шалгалтад амжилттай хамрагдаж, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог олон улсын түвшинд өндрөөр үнэлүүлсэн нь салбарын төдийгүй улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн чухал амжилт болсныг онцлон тэмдэглэлээ.
📌Мөн энэхүү амжилт нь иргэний нисэхийн салбарын нийт хамт олны олон жилийн хөдөлмөр, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг онцолж, цаашид олон улсын жишигт нийцсэн иргэний нисэхийн аюулгүй байдлын тогтолцоог улам боловсронгуй болгон, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн салбарын сайдын зүгээс өнгөрсөн онд Монгол Улс агаарын тээврээр 2.4 сая зорчигч тээвэрлэж, дөрвөн улстай агаарын харилцааны хэлэлцээр шинээр байгуулан олон улсын 50, орон нутгийн 8 чиглэлд тогтмол болон захиалгат нислэг үйлдсэн нь салбарын өсөлт, хөгжил эрчимжиж буйг харуулж байгааг дурдлаа.
📌Мөн цаашид ИНЕГ-ыг төрийн байгууллагын тусгай чиг үүрэг буюу иргэний нисэхийн салбарын ажил мэргэжлийн онцлог, тодорхой чиг үүргийг Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу илүү тодорхой болгож, холбогдох хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгож, энэ салбарт ажиллаж буй алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, авч буй цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэсэн байр суурийг илэрхийллээ.
📌Баярын хуралд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр үг хэллээ. Тэрбээр “Миний бие ИНЕГ-ын удирдлагаар ажиллаад 1.5 жилийн хугацааг үдэж байна. Бага хугацаа боловч энэ хугацаанд бид салбарын 100 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, 16 жилийн дараа Олон улсын иргэний нисэхийн байгууллагын иж бүрэн аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, урьдчилсан үнэлгээгээр амжилттай дүгнүүлсэн зэрэг олон чухал ажлуудын ард хамтдаа гарлаа. Энэ бүхнээс зорилго зүтгэл нэгтэй хамтарч ажиллаж чадвал бид салбартаа олон зүйлийг бүтээх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэж байна.
📌Монгол Улсын Засгийн газар болон ЗТЯ-наас иргэний нисэхийн салбарын техник технологи, хүний нөөцийг бодлогоор дэмжин ажиллаж буй онцгой цаг үед бид ажиллаж байна. Өнөөдөр бид түүхт 101 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь иргэний нисэхийн салбарын хөгжил, дэвшлийн шинэ зуун жилийн эхлэл хэмээн үзэж байна. Цаашид бид олон улсын шалгалтын үнэлгээг ахиулахаас эхлээд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдалд илүү анхаарч ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээний чанараа сайжруулах, транзит нислэгээ нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлд ахиц гаргах боломжтой юм.
📌Түүнчлэн Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг бодлогоор дэмжин ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд болон ЗТЯ-ны удирдлагуудад гүн талархал илэрхийлье” гэв.
📌Энэ үеэр иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтан, албан хаагчдад Төрийн одон медаль, зам, тээврийн салбарын шагнал болон сайдын нэрэмжит талархлын бичиг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
📌Монгол Улсад анхны нисэх онгоц 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр газардсанаар үндэсний иргэний нисэхийн салбарын түүх эхэлсэн бөгөөд өнөөдөр тус салбар нь Монгол Улсыг дэлхийтэй холбосон стратегийн чухал салбар болон хөгжиж байна.
---оОо---

24/05/2026
06/05/2026
15/04/2026
10/04/2026
09/04/2026
08/04/2026
02/04/2026