05/06/2026
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалуудад холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Шилжин ажиллах боломжтой Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалын жагсаалттай дараах холбоосоор орж танилцана уу.
Холбоос: Төрийн албаны зөвлөл
https://www.csc.gov.mn
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
https://gazar.gov.mn/post2/5987453
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
05/06/2026
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ ХАВРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний хүрээнд Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТТБ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ-ууд хамтран газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газар зохион байгуулалтын салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгуулга, хувийн хэвшлийн 40 гаруй мэргэжилтэн, албан хаагч хамрагдсан бөгөөд салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерүүд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл зааж оролцов.
Сургалтын хөтөлбөрийн агуулга нь Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний шинэчилсэн аргачлал, Газрын эрхзүйн норм, дүрэм ба салбарын эрхзүйн шинэчлэл, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, Газрын маргаан, түүнийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, шүүхийн шийдвэрлэлт, Газрын цахим систем, түүний хяналтын самбар, Газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн тогтвортой газрын менежмент, Биологийн олон янз байдлын үнэлгээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, Газрын засаглалын үнэлгээний олон улсын арга зүй, Газрын бодлогын шинжилгээ, удирдлага, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд орон зайн нэгдсэн төлөвлөлтийн арга зүйг ашиглах, Бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд орон зайн дүн шинжилгээ хийх, Газар зохион байгуулалтын дэвшилтэт техник технологи, зэрэг сэдвүүдийг хамарсан болно.
2026 оны хаврын шалгалтын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
✅ Өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
✅ Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
✅ Шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
Шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 56-262582, 90666398 утсаар лавлана уу.
05/06/2026
ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний хүрээнд “Монголын Кадастрын холбоо” НҮТББ нь газрын кадастрын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад газрын кадастрын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагын 24 инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд газрын кадастрын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар хичээл заалаа.
Сургалтын хөтөлбөрийн агуулга нь Монгол Улсын газрын харилцааны онцлог, газрын кадастрын эрх зүйн орчин, газрын харилцааны олон улсын болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ, газрын төлбөр, татвар, түүний үр нөлөө, Кадастрын мэдээллийн системийн веб болон десктоп програмчлалын үндэс, онцлог, Газрын кадастр, Газрын нэгдмэл сан, Газрын үнэлгээ, татвар, төлбөр болон Газрын цахим биржийн цахим системүүд, тэдгээрийн хэрэглээ, судалгааны болон кадастрын судалгааны арга зүй, газар, үл хөдлөх хөрөнгийн харилцаа, газрын удирдлагын домэйн загвар, (LADM) ISO 19152 ба түүний хэрэглээ, 3D/4D кадастр, зайнаас тандан судлалын технологи, аргачлалыг кадастрт хэрэглэх зэрэг сэдвүүдийг хамарсан болно.
2026 оны хаврын шалгалтын бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Шалгалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
✅ Өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
✅ Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
✅ Шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
Шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 262582, 90666398 утсаар лавлана уу.
04/06/2026
ЦЭРЭНГИЙН ЦЭРМАА
(1942-2026)
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ахмад ажилтан “Улсын Геодези, Зураг Зүйн Газар”-ын тулгын чулууг тавилцсан анхны 17 ажилтны нэг Цэрэнгийн Цэрмаа 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр таалал төгслөө.
Ц.Цэрмаа нь 1942 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. 1967 онд тэр үеийн ЗХУ-ын /хуучнаар/ Москва хотноо Геодези, Агаарын зураглал, Зураг зүйн инженерийн дээд сургуульд суралцаж Зураг зүйч мэргэжил эзэмшсэн.
1967-1970 онд Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны Геологи шинжилгээний газрын дэргэдэх геодези, газрын зургийн зөвлөлд газрын зургийн инженерээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын ашигт малтмалын анхны ханын зураг, Аж үйлдвэрийн байршлын газрын зургийг анхны зураг зүйч инженер Г.Тогоогийн хамтаар зохион, хэвлэж байсан.
1970 оноос Геодези, Зураг зүйн салбарт ажиллаж эхэлсэн ба улмаар сургалтын болон нийтийн хэрэгцээний, тусгай, лавлах зориулалттай газрын зураг, атласын эхийг гараар зурж бэлтгэхэд оролцож байсан.
1970-аад оноос хойш газрын зураг, атласын чанарыг сайжруулахын тулд хатуу суурь дээр гаргасан цэнхэр дардас ашиглан эх бэлтгэх, мөн 1980-аад оноос уян материал дээр зурж, сийлбэрлэж бэлтгэдэг технологийг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлэхэд их үйлд гар бие оролцон газрын зураг, атласын зохиогч редактор инженер, хяналтын инженерээр ажиллаж улс орныг газрын зураг, атласаар зурагжуулах ажилд, Зураг зүйн үйлдвэрлэлийн түүхэн хөгжилд онцгой үүргийг гүйцэтгэж ирсэн юм.
Мөн түүнчлэн Зураг зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг мэргэшүүлэхэд онцгойлон ажиллаж Зураг зүйн мэргэжилтэн, зураг зүйч-техникчийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулсан.
Төр, засгаас түүний геодези, зураг зүйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдэг, ЗХУ-ын /хуучнаар/ Геодези, картографийн 200 жилийн ойн “Отличник” медаль, төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан юм.
Талийгаачийн мэргэжлийн өндөр ур чадвар, шударга зарчим, төлөв даруу зан чанар мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
03/06/2026
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо НҮТББ-тай хамтран зохион байгуулж, шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус шалгалтад мэргэшлийн зэрэг горилох, сунгах хүсэлт гаргасан мэргэжилтнүүд хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлэв.
Шалгалтын хүрээнд:
✅ Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх тест болон ур чадварын шалгалт;
✅“Мэргэшсэн”, “Зөвлөх” зэрэг сунгах мэргэжилтнүүдийн мэргэшлийн зэргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлийн тайлан хамгаалалт тус тус зохион байгуулагдлаа.
Мэргэжилтнүүд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээлийн үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвараа салбарын зөвлөх инженерүүд болон эрдмийн зэрэгтэй төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисст танилцуулж, хамгаалав.
02/06/2026
“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД
ШИЛЖИН ЯВАХ ТУГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т “Ёс зүйтэй албан хаагч, итгэл даасан төр” уриан дор аялалаа.
Төрийн албаны үйл ажиллагаа стандартын дагуу явагдах, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа бодит үр дүнтэй байх, ил тод нээлттэй байх, шинэ арга барил нэвтрүүлэх, шинэчлэл бий болгох зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ.
Тухайлбал:
✅Албан хаагчдад зориулан “Хувь хүний харилцаа, хандлагыг дээшлүүлэх сургалт. Сэтгэл зүйн сорилт тестүүд, хувь хүний алдаа, дутагдал, түүнийг хэрхэн даван туулсан тухай сонирхолтой кейсүүд, ахмад үеийн төлөөлөлүүдтэй хийсэн уулзалт;
✅Төрийн албанд нийтлэг мөрдөгдөж буй хуулиудаар албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах. Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил үйлдсэн тохиолдолд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хуулийн хүрээнд дүн шинжилгээ хийх ур чадварын сорилт;
✅“Хариуцлагатай албан хаагч”-ийг шалгаруулах, урамшуулалын тогтолцоог бий болгох;
✅“Иргэдийн санал, хүсэлт сонсох өдөр” арга хэмжээг зохион байгуулж нийт 30 иргэний санал, хүсэлтийг хүлээн авч, 52 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэв;
✅Байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг цаасан болон цахим хэлбэрээр авахаас гадна санал хүсэлт авах хайрцаг байршуулан албан хаагчдын тухай саналыг авч, ёс зүйн зөрчил гаргах эрсдэлтэй албан хаагчийг олж тогтоон, түүнд чиглэсэн соён гэгээрүүлэх сургалт, зөвлөгөө өгөв.
✅“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн мэдээлэл, танилцуулгыг зурган болон бичлэг хэлбэрээр олон нийтэд таниулах, албан хаагчдад хүргүүлэх зорилгоор цахим хэрэгслээр мэдээлэв.
Шилжин явах туг Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар аялж байна.
02/06/2026
Иргэн та, авлигын тухай гомдол, өргөдөл, мэдээлэл өгөхийг хүсвэл 11-10 дугаарын утсанд хандана уу. Мөн авлигын эсрэг хамтдаа судалгаанд хамрагдахыг хүсвэл дараахь QR кодыг уншуулж оролцоно уу.
27/05/2026
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАРААТ БУС ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Азийн хөгжлийн банкны Хараат бус үнэлгээний ажлын хэсгийн ахлагч Гарретт Килрой болон ажлын хэсгийн гишүүд Брайан Ноэл Лазаро, Марк Леандер Мендоза нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ГЗБГЗЗЕГ-аас байгууллагын стратегийн зорилт, чиг үүрэг, цахим системүүд болон төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбооны талаар танилцууллаа.
Түүнчлэн газрын мониторинг, газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ялангуяа бэлчээрийн фото мониторинг, газрын төлөв байдал, чанарын үнэлгээ болон газрын нэгдсэн менежментийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтын үр дүнд АХБ-ны төлөөлөгчдөд Монгол Улсын байгаль орчны менежмент болон тогтвортой байгалийн нөөцийн удирдлагыг дэмжих орон зайн төлөвлөлтийн тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголтт өгсөн бөгөөд Аймаг, сумдын ногоон бүсийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсронгуй чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
27/05/2026
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Уг бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 20 дугаар хурлаар салбар зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Энхболд, Салбарын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Түвшинбат, Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад нэр дэвшигч Төрийн захиргаа, удирдлагын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Сумъяабазар нарыг тус тус томилуулах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Салбар зөвлөл нь 2025 онд Салбар зөвлөлийн хуралдааныг нийт-7 удаа зохион байгуулж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, албан тушаалын сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтыг 5 удаа зохион байгуулж, 57 сул орон тоо зарласнаас 30 сул орон тоо нөхсөн байна.
Салбар зөвлөл нь 2026 онд Салбар зөвлөлийн хуралдааныг нийт-6 удаа зохион байгуулж, 52 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, албан тушаалын сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтыг 5 удаа зохион байгуулж, 37 сул орон тоо зарласнаас 37 сул орон тоо нөхсөн байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдээс тус салбар зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргад нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тухайн албан тушаалд хамаарах хуулийг баримталж, ёс зүй, хариуцлагатай ажиллаж, “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.