29/05/2026
ШАТРЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
1998 оноос эхлэлтэй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад албан ёсоор эхэллээ. Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 250 орчим шатарчин өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудлын их танхимд үргэлжилнэ. Нээлтийн ёслолд Улсын Их хурлын дарга С.Бямбацогт, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Аль-Тахир, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Улсын Их хурлын гишүүн П.Батчимэг тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар үг хэлэхдээ “Шатар бол урлаг, шинжлэх ухаан, спорт юм. Энэ гурвыг нийлүүлээд шатар оюун ухааны гайхамшигт спорт болсон. Дэлхий дахинд хурдацтайгаар түгэн дэлгэрч байгаа энэ спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг ФИДЕ дэмжсэн. Тиймээс Германы тэрбумтан, манай багийн нөхөр, найз Вадим Розенштэйн 10 мянган шатар бэлэглэхээр боллоо. Монгол Улсын хэмжээнд 700 сургуульд шатар бэлэглэж байна. Шатраа сайн хөгжүүлж байгаа багш нарыг Германд туршлага судлуулах ажлыг хэрэгжүүлнэ. Монголын шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар болсон баярт мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Вадим Розенштэйн танд талархал илэрхийлье. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт багт тамирчдад амжилт хүсье. Монгол Улсад зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн та бүхэнд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Харин Улсын Их хурлын дарга С.Бямбацогт оролцогчдод хандан үг хэлэхдээ “Монгол Улсад насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй түүхэн мөчид нийт шатарчид, зочид төлөөлөгчид, зүтгэлтнүүддээ Улсын Их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Оюуны шилдгүүд манай улсад хуран чуулж байгаа бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага юм. Шатар бол зөвхөн спорт биш. Энэ бол алсын хараа, тэвчээр, стратегийн сэтгэлгээний боловсрол юм. Монголчууд эртнээс холыг харж, уужуу бодохыг төрийн ухаан гэж үзэж ирсэн. Монгол Улс Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Энэ бол зөвхөн спортын амжилт биш Монголын оюуны төдийгүй хүний хөгжлийн ирээдүйн илэрхийлэл. Тамирчид маань зөвхөн медалийн төлөө бус тэсвэр хатуужил, спортын нөхөрлөлийг бий болгох болтугай. Монголчууд зочдоо хүндэтгэн дээдэлдэг уламжлалтай ард түмэн. Монголд өнгөрүүлэх өдрүүд та бүхэнд сайхан сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тэмцээнд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцохоор мэдүүлэг өгсөн. 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн шатарчин 15000 ам.доллар халаасална. Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин дэлхийн цомд өрсөлдөх эрх авах юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн цомын эрхийг халаасална.
21 дэх удаагийн тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулна. Тэмцээнийг албан ёсны Asian Individual Chess Championship 2026 цахим хуудас болон youtube, Chess.com, Lichess платформоор олон улсын тайлбарлагчдын тайлбартай шууд хүлээн авч үзэх боломжтой.
28/05/2026
МАРГААШ МОНГОЛ УЛСАД ШАТРЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ХӨШГӨӨ НЭЭНЭ
Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.
Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм.
Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.
ТЭМЦЭЭНД:
♟️ Их мастер (GM) – 34
♟️ Эмэгтэй их мастер (WGM) – 12
♟️ Олон улсын мастер (IM) – 51
♟️ Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
♟️ FIDE мастер (FM) – 32
♟️ Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
♟️ FIDE дэд мастер (CM) – 5
♟️ Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13
26/05/2026
МОНГОЛД СПОРТЫН ХУТГА ШИДЭЛТИЙН АЗИЙН АШТ БОЛНО
Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Монголын спортын хутга шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ энэ сарын 29-31-ний өдрүүдэд “Наран спорт” төвд болох бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зайд болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө.
Тэмцээн зохион байгуулснаар үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байна.
Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэдхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн жил манай улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол ирэх сарын 25-30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм.
22/05/2026
Хагас марафон буюу 21 км-т Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, хэт холын гүйлтийн спортын ОУХМ Б.Сарангуа, Н.Мөнхбаяр, Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, Японы тамирчин Хигучи Дайсуке, Ишикава Рюга, Английн тамирчин Жаймс Дрэйкфорд, БНХАУ-ын тамирчин Чин Инг Инг, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна нар оролцоно.
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 21 км зайд оролцогчид дараах хуваарийн дагуу гараанаас гарна.
🏃♂️➡️⏰Гарааны цаг: 08:30
🏃➡️⏰Цуглах цаг: 07:30
👬👭Цуглах цэг: Төрийн ордны зүүн урд уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
Гараа: Соёлын төв өргөөний баруун тал
⚠️Анхаарах зүйлс:
• Энгэрийн дугаараа биедээ ил байрлуулах
• Хурд хэмжигч chip-ээ шалгах
• Гарааны бүсэд цагтаа ирэх
• Маршрут болон ус түгээх цэгүүдтэй урьдчилан танилцах
#УлаанбаатарМарафон2026
22/05/2026
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээ....
22/05/2026
СУРРОН, СКҮТЕР, МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙГААР ТАВДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 06:00-19:00 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 06:00-19:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана.
Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана.
Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Иргэдэд суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан бөгөөд түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байна.
21/05/2026
“УЛААНБААТАР МАРАФОН-2026”-Д 43 ОРНЫ 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ ОРОЛЦОНО
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчдын тоо нэмэгдэж тэлж байна.
Энэ жил Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 443 хүн гүйх бөгөөд Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти 2019 оноос хойш, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна 2024 оноос хойш тасралтгүй оролцож байгаа юм.
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн маршрутын дагуу бие засах газар 6, усны 9, тэжээлийн 5 цэгийг байршуулна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ын замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, 2030 он хүртэлх хугацаатай “Олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгожээ.