02/06/2026
СОЁЛ, УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
✅Соёлын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр соёл, урлагийн салбарт хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай орчныг төлөвшүүлэх талаар холбогдох төрийн байгууллага болон орон нутгийн соёлын байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ.
✅Тус зөвлөмжөөр аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, дайн түрэмгийлэл, ёс бус үг хэллэг, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх агуулгыг соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, уран бүтээлээр дамжуулан олон нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч, хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн эерэг харилцаа, зөв хандлага, хүмүүнлэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг чиглэл болголоо.
✅Энэ хүрээнд аймаг, нийслэл, орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, тоглолт зохион байгуулагчдад холбогдох хууль тогтоомж, зөвлөмжийг тухай бүр хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах юм.
📌Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, иргэний ухамсарт чухал нөлөө үзүүлдэг тул хүүхэд, залуучуудыг зөв төлөвшүүлэх, эерэг агуулгыг түгээн дэлгэрүүлэхэд төр, байгууллага, уран бүтээлчид, иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой.
https://www.gov.mn/news/n/4be1
31/05/2026
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэж, фестивалийг зохион байгуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх, мөн холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон.
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газраас хариуцан зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Фестивалийн зохион байгуулалтыг цаашид хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогын хүрээнд Соёл урлагийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн фестивалийн ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажиллах ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж байна.
Тусгай шаардлага
Тендерт оролцогч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:
* Соёл, урлаг, олон нийтийн болон ижил төстэй томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай байх;
* Тухайн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадамж бүхий баг, бүрэлдэхүүнтэй байх;
* Сүүлийн хоёр жилийн (2024, 2025 он) аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;
* Фестивалийн зохион байгуулалтын дараах төлөвлөгөө, концепцийн баримт бичгийг боловсруулан ирүүлэх:
Ирүүлэх төлөвлөгөө
* Зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
* Хөтөлбөрийн төлөвлөгөө;
* Техник, дэд бүтцийн төлөвлөгөө;
* Оролцогчид болон зочдын зохион байгуулалтын төлөвлөгөө;
* Маркетинг, сурталчилгааны төлөвлөгөө;
* Аюулгүй ажиллагааны төлөвлөгөө;
* Байгаль орчны менежментийн төлөвлөгөө;
* Хоол үйлчилгээний төлөвлөгөө;
* Гар урлалын үзэсгэлэн, худалдааны төлөвлөлт.
Жич:
1. Захиалагч тал нь Аймаг, нийслэлээс фестивальд оролцох баг, бүрэлдэхүүний зохион байгуулалтын уялдаа холбоог хангаж ажиллах бөгөөд холбогдох зардлыг хариуцна.
2. Захиалагч тал нь өвлөн уламжлагчид болон үндэсний спортын төрлүүдийн оролцогчдын шагнал урамшууллыг хариуцана.
3. Нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох мэргэжлийн урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлчидтэй хамтран ажиллахад захиалагч талаас зохих уялдаа холбоо, зохицуулалтын дэмжлэгийг үзүүлнэ.
3. Гүйцэтгэгч тал нь Фестивалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд захиалагч талтай зөвшилцөж олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс санхүүгийн дэмжлэг, бараа материал, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний хэлбэрээр ивээн тэтгэлэг болон хамтын ажиллагааны дэмжлэг авах боломжтой.
Тендерийн материалыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778815025537
https://www.gov.mn/news/n/4be5
30/05/2026
Соёл урлагийн газрын албан хаагчдын хүүхэд багачууд маань нэгэн өдрийг гэр бүлтэйгээ, аав ээж, ах эгч нартайгаа мартагдашгүй дурсамж бүтээн өнгөрүүллээ. 🥰 Бүх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлье! ❤️
Зохион байгуулсан эцэг эхийн зөвлөл, хамт олондоо талархал илэрхийлье 🤗
https://www.gov.mn/news/n/4be4
29/05/2026
“Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо.
🐎 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар оролцож “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Шадар сайд Н.Номтойбаяр 7-р сарын 11-13-ны өдрүүдэд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг шалгах зэрэг үүрэг, чиглэл өглөө.
https://www.gov.mn/news/n/4b49
28/05/2026
ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧДИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
📍Уралдаанд нийслэл, орон нутгийн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн 100 сурагч оролцсон бөгөөд “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвийн дор нийгэмд хүргэхийг хүссэн мессежээ дүрс, өгүүлэмжээр богино хэмжээний кино бүтээл туурвиж, өрсөлдлөө.
👏Уралдаанд оролцсон сурагчид 17 багт хуваагдаж “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвээр богино хэмжээний кино /3-5 минут/ бүтээсэн.
Шүүгчдийн бүрэлдэхүүн 17 багийн бүтээлийг агуулгын нийцэл, бүтээлч байдал, үзэл бодлын илэрхийлэл, хэл найруулгын шалгуураар үнэлж, шилдгүүдийг шалгаруулан шагнал гардууллаа.
1-р байранд: “Mute” баг - “Хайртай, хайргүй…” бүтээл
2-р байранд: “Junior” баг - “2103” бүтээл
3-р байранд: “5 eagle” - “The last move” бүтээлүүд шалгарлаа.
🔖Тус арга хэмжээнд кино найруулагч, зураглаач, зохиолч зэрэг кино уран бүтээлчид оролцон өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
🎥Ийнхүү “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” нь хүүхэд, залуусын дуу хоолойг урлагаар дамжуулан нийгэмд хүргэх, ирээдүйн кино уран бүтээлчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
✅Энэхүү уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийг ирэх 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах Цөлжилтийн эсрэг НҮБ-ын бага хурал (COP17)-ын үеэр олон нийтийн хүртээл болгох ажээ.
https://www.gov.mn/news/n/4a8a
28/05/2026
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын харьяа 426 байгууллагын төсөв, санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогч нарт зориулсан цахим сургалтыг 2026 оны 05-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
✅Сургалтаар “Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн систем”-ийн хэрэглээ, “Соёлын байгууллагуудын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлал”-ын журамд өөрчлөлт оруулах, 2026 оны хагас жилийн санхүүгийн тайлан бэлтгэх, тайлагнахтай холбоотой асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, арга зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
✅Энэхүү сургалт нь салбарын байгууллагуудын санхүүгийн тайлагналын чанарыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
https://www.gov.mn/news/n/4a83
28/05/2026
МОНГОЛ ЦУУР ХӨГЖМИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ
(ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв: Цуврал-№4)
🔍ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг 2009 онд бүртгэсэн билээ.
Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм. Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм.
✅Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолойн зэргэдийн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг үүсгэж байгаад оршино. Цуурдахдаа цуурын нэг үзүүрийг (амгай) шүдэндээ тулган үлээж исгэрэх мэт яруу тунгалаг аялгуу, авиаг эгшиглүүлэхийн сацуу хоолойн шахалтаар хөөмийлэх мэт дэвсгэрлэсэн суурь өнгийг давхар гарган хөгжимддөгөөрөө модон үлээвэр хөгжмийн аль ч зэмсгээс зарчмын ялгаатай.
Цуурыг гишүүний иш, цооргоно, балчиргана зэрэг модлог үет ургамлын гуурс ишээр хийдэг. Энэ бол цуурын энгийн төсөр бөгөөд эртний хийц юм. Эдүгээ цуурыг урлахад харгай /хар мод/ юм уу цагаан бургасыг ширхгийн дагуу цуулж, хоёр хэсэг болгоод, хэсэг тус бүрийн голоор ховил гаргаж, түүнийгээ хавсран нааж гуурс болгоод, завсар зай гаргахгүйн тулд гадуур нь зээр гөрөөсний юм уу хонины улаан хоолойн хальсыг битүү углах зэрэг нарийн чимхлүүр арга технологи хэрэглэх болсон нь цуур урлалын хөгжлийн үр дүн юм.
🎶Цуурдах урлаг гэдэг бол цуурдах эрдэм, арга барил ба үе үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг багтаасан өргөн ойлголт юм. Цуурын уламжлалт урын санд “Эйвийн голын урсгал“, “Алтайн магтаал”, “Савдгийн дуудлага”, Хар хурын наадгай” “Цацал” тэргүүтэй цуурын олон татлагууд (уламжлалт аяз) багтдаг.
✅Монгол цуур хөгжмийн уламжлалт урлагийг устах аюулаас сэргийлж, хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сургах, судлах, сурталчлах үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, цуур хөгжим, цуурдах урлагийн уламжлалыг сэргээж, түгээн дэлгэрүүлэхэд төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол цуур” Үндэсний хөтөлбөр (2014-2016)-ийг Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын 2014 оны 72 дугаар тогтоолоор баталж, Цуурын суурь болон харьцуулсан судалгаа, өвлөн уламжлагчдын шавь сургалт, эрдэм шинжилгээний хурал, олон улсын симпозиум, баримтат кино, “Монголын цуурчид” намтар судлалын ном, П.Наранцогтын нэрэмжит цуурчдын наадам зэрэг хадгалалт, хамгаалалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн.
✅Үүний үр дүнд цуур хөгжмийн өвлөн уламжлагчдыг дэмжих, залуу үед өвлүүлэх тогтолцооны суурь тавигдаж, цуур хөгжмийн уламжлалт мэдлэг, ур чадварын үнэ цэнэ нэмэгдэж, Монгол цуур хөгжмийн оршин тогтнох чадвар улам бүр сайжирсаар байна.
https://www.gov.mn/news/n/49e7
28/05/2026
ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ӨСВӨРИЙН КИНО БҮТЭЭГЧИД НЭГДЛЭЭ
✅“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
✅Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагааг тус бага хурлын бэлтгэл ажил, сурталчилгааны хүрээнд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.
✅Өсвөр үеийнхэнд кино урлагийн боловсрол олгох, тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа эл арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 100 сурагч оролцож байна.
📣Энэхүү үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд “Кино гэж юу вэ, Кино хэрхэн бүтдэг вэ” сэдвээр танилцуулга хийж, кино зохиол, найруулга, кино продюсер, орчуулгын киноны дуу оруулалт, киноны нүүр хувиргалт, кино зураглаач, кино зураач, кино жүжигчин гэсэн долоон чиглэлээр уран бүтээлч зочин багш нар мэдээлэл хийлээ.
📍Мөн оролцогч хүүхдүүд “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвийн дор 5–10 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдаж, орон нутагт тулгамдаж буй байгаль орчны доройтлыг тусгасан богино хэмжээний кино бүтээж өрсөлдөнө.
✅Сурагчдын бүтээлийг мэргэжлийн комисс агуулгын нийцэл, бүтээлч байдал, үзэл бодлын илэрхийлэл, хэл найруулгын шалгуураар үнэлж, шилдэг киног тодруулан Цөлжилтийн эсрэг НҮБ-ын бага хурал (COP17)-ын үеэр олон нийтийн хүртээл болгох ажээ.
https://www.gov.mn/news/n/498e
26/05/2026
КОНТЕНТООС КАПИТАЛ РУУ”
ОЛОН УЛСЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ФОРУМД
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО
✅“Алс Дорнодод бүтээгдсэн: Контентоос капитал руу” олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2026 оны 5 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улан-Удэ хотноо зохион байгуулагдлаа.
✅Алс Дорнод ба Арктикийн хөгжлийн асуудал эрхэлсэн Оросын Холбооны Улсын дэд сайд Элвира Нургалиева, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Инна Святенко, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, Art Pictures Studio кино компанийн үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин, NMG Studios-ийн ерөнхий продюсер Федор Бондарчук, ОХУ-ын Алс Дорнодын 11 бүс нутаг, Арктикийн бүс болон дэлхийн 10 гаруй улсын төрийн байгууллагын төлөөлөл, шинжээчид, хөрөнгө оруулагчид, гар урчууд, дизайнерууд, хөгжимчид, кино найруулагчид зэрэг 4000 гаруй хүн оролцсон уг форумд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрыг төлөөлөн ахлах мэргэжилтэн М.Түмэнжаргал, мэргэжилтэн О.Энхмаа нар оролцлоо.
✅Форумын хүрээнд бүтээлч санаа, соёлын үнэт зүйлс болон орон нутгийн төслүүдийг тогтвортой бизнесийн загвар болгон хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэр бий болгох, зах зээлийн чиг хандлага болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаар оролцогч талууд санал солилцож, өргөн хүрээний хэлэлцүүлгүүд, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
https://www.gov.mn/news/n/48bc
26/05/2026
“СОЁЛ, СПОРТ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ
✅Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёлын, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан.
✅Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/59, А/74, А/15 дугаар бүхий хамтарсан тушаалаар “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг баталсан.
✅“Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлснээр эрх зүйн үйлчлэл хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэллээ.
Тус журмаар соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа:
-Хүүхдийн эрхийг хамгаалах;
-Уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;
-Эрсдэлгүй орон байраар хангах;
-Хичээл сургалтыг завсардуулахгүй байх;
-Шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй байх;
-Бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх;
-Хүүхдийн эсрэг аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх;
-Осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэл үүссэн тохиолдолд авах арга хэмжээ, хариуцах этгээдийг тодорхой болгох;
-Хүүхдийн хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй байх;
-Хүүхдийн санал бодлыг сонсох, сайн дурын оролцоог хангах;
-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдийн тэгш оролцоог хангах;
-Багш, дасгалжуулагч, удирдагч нарыг хүүхэд хамгааллын ёс зүй, мэдлэгээр тогтмол чадавхжуулах;
-Хүүхдийг аливаа сурталчилгаа, ашиг хонжоо олох үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх зэрэг үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгасан.
https://www.gov.mn/news/n/4891
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем