26/10/2024
АНУ-ын Сан Франциско хотод 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Silkroad Innovation Hub”-аас зохион байгуулж буй, Төв болон Хойд Азийн орнуудын гарааны бизнесүүдийг Цахиурын хөндийд таниулан сурталчлах, хөрөнгө оруулагчидтай холбох зорилготой “Central Eurasia @ Silicon Valley 2024” https://cesv2024.com/ олон улсын арга хэмжээ болов.
Энэхүү арга хэмжээнд Монголоос “ FIBO CLOUD ”, “ CarePay - Care now Pay later ", ' Boost.mn зэрэг монголын гарааны бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцов.
Fibo Cloud компани нь Монгол Улсад төдийгүй Казахстан, Узбекистан зэрэг Төв Азийн орнуудад мэдээллийн технологийн шийдэл бүхий үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа Монголын ICT салбарын хамгийн том аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
CarePay компани эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой төлбөр, тооцооны асуудлыг цахимжуулах, Fintech болон эрүүл мэндийн салбарыг холбох шинэ шийдлүүдийг хөгжүүлж буй гарааны бизнес юм.
Түүнчлэн Boost.mn компанийн хамт олон технологийн шинэ шийдлүүдийг зар сурталчилгаа, маркетингийн салбарт нэвтрүүлэн өгөгдөлд суурилсан, ухаалаг, хамгийн үр дүнтэйгээр сурталчилгааг түгээх боломжийг нээж буй платформ хөгжүүлж байгаа билээ.
“Silicon Valley”-д хүрэлцэн ирж үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ цаашид дэлхийн зах зээлд өрсөлдөх томоохон зорилго бүхий эдгээр үүсгэн байгуулагчидтай Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзав. Ерөнхий консулын газрын зүгээс бизнес эрхлэгч залуучуудаа бүх чиглэлээр дэмжиж ажиллахаар болсон бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнес эрхэлж буй Монголчуудын чуулга уулзалтыг 2025 онд Сан Франциско хотод зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.
https://silkroadinnovationhub.com/
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
30/11/2022
ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН ЭРХЛЭХ ЖУРАМ, ТАЙЛАНГИЙН МАЯГТУУД ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА
Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн /2022.11.30/ хуралдаанаар "Газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журам, тайлангийн маягт"-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Газрын харилцаатай холбоотой үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, газарт тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, нэгдсэн нэг мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам”, 2003 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтуудыг шинэчлэн боловсруулсан.
Журам шинэчлэгдсэнээр Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” цахим системээр дамжуулан төрийн байгууллага болон бусад байгууллагатай газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийг солилцох, зураглалд суурилсан бүртгэлийн мэдээллийг нэгтгэх боломжтой болсон бөгөөд салбар хоорондын уялдаа холбоо хангагдаж салбар бүрд үүссэн газрын зураглал, бүртгэлийн мэдээллүүд нэгтгэгдэн газрын сан нэгдмэл байх боломж бүрдлээ.
Мөн Газрын нэгдмэл сангийн ангиллын газруудын шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг тухай бүр автоматаар хийж гүйцэтгэх, тайлан, статистик тоон мэдээллийг батлагдсан маягтын дагуу QR-кодоор баталгаажуулан гаргах боломжтой системийг нэвтрүүлж байгаа бөгөөд Газрын нэгдмэл сангийн ангиллын газрын мэдээллийг цахим систем /www.egazar.gov.mn/-ээр дамжуулан иргэд, олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх боломж бүрдээд байна.
Тус журмыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад олон байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах юм.
01/11/2022
#НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
#Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын гавьяатууд, Төв аймгийн үйлдвэрлэлийн хоршоодын холбооны ахмадын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, тус салбарын түүхт 91 жилийн ойн мэндийг хүргэж, талархлаа илэрхийлэв.
Мөн ахмадуудын мэдлэг туршлага, ур чадварыг залуу ажилтнуудад өвлүүлэн сургах, нийтийн аж ахуйн салбарын боловсон хүчний залгамж халааг бүрдүүлэх асуудал тулгамдаж байгааг онцлоод, энэ чиглэлд санаачлагатай хамтран ажиллахыг ахмадуудаас хүслээ.
Ахмадууд үйлдвэрлэлийн хоршоолол, ахуй үйлчилгээний байгууллага үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойн хүрээнд 11-р сарын 11-ний өдөр “Ахмад ажилтнуудын үйлдвэрлэлийн үзэсгэлэн”, салбарын түүхэн замналыг харуулсан “Гэрэл зургийн үзэсгэлэн” баярын нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болсноо танилцуулж, сайдад урилга гардууллаа. Ахмадууд өөрсдийн санаачлагаар ийнхүү нэгдэж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг сайдын хувьд дэмжиж буйгаа илэрхийлэн, ахмадуудад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.