03/06/2026
АБГББХ: УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ✅
📌 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хуралдаанаар 3 асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэв.
📌 Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах 8 газар, 93 үл хөдлөх хөрөнгийн объектыг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзжээ. ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах эдгээр газрыг үнэ төлбөргүй, хугацаагүй олгосон байсныг өөрчилж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхийг 99 жилийн хугацаатай олгож, зохих татварыг төлөхөөр боллоо.
📌 Үргэлжлүүлэн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.
📌 Бүгд Найрамдах Чех улсад өнөөдрийн байдлаар манай улсын 15147 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 2025 оны байдлаар 86 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Иймд Чех Улсаар дамжин Европын холбооны 27 улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс шуурхай мэдээлэл солилцох, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Иймд дээрх хуулийг баталснаар эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тодорхой ажиллагааг Чех Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх боломжтой болно гэв.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.
03/06/2026
БОХХААБХ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ✅
📌 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Хуулийн төслийг баталснаар хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн үндсэн тэргүүлэх салбар байх тогтвортой хөгжлийн суурийг тавих юм гэдгийг хууль санаачлагчид тодотголоо. Мөн “Алсын хараа 2050”-д дэвшүүлсэн “Тогтвортой хөдөө аж ахуй”-г хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг дэмжих, салбар хоорондын уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл гэж гишүүд асуулт асууж, үг хэлэв.
📌 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Мал аж ахуй, газар тариалан, ус, эрчим хүч, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн суурь салбаруудад уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг баталснаар ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх нэгдсэн тогтолцоог бий болгох юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл нь зөвхөн байгаль орчны салбарын зохицуулалт бус, эдийн засгийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, орон нутгийн амьжиргаа, урт хугацааны хөгжлийн бодлогыг хамгаалах стратегийн ач холбогдолтойг хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулав.
03/06/2026
ЭЗБХ: ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ БАЙГУУЛНА✅
📌 Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 65 сая еврогийн эх үүсвэрийг авч, долоон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төв байгуулах, Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах, эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, Улсын I төв эмнэлэг, Цэргийн болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.
📌Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийг баталснаар санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар санхүүгийн зах зээлийн үр ашигтай, ил тод өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх илтгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж хууль санаачлагчид үзэж байна. Гишүүдийн зүгээс гэрээний тэнцвэртэй байдлыг хангах, санхүүгийн гэрээ цахимжиж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа. Ахмадуудад орон сууцны зээл олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэх эсэх, бусад хуулиудад хэрхэн өөрчлөлт оруулах талаар тодруулж, санал хэлэв.
📌 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу нэр бүхий УИХ-ын таван гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг сонсов. Мэдээллийн технологийн хөгжлийн талаар ямар бодлого барьж байгаа, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлсэн төлбөр тооцооны зарцуулалт, тусгай сангуудын таван хувийг тус салбарт олгох зорилт биелсэн эсэх талаар зарим гишүүд тодруулж, Е-Mongolia платформыг ашиглан иргэдэд аюулгүй байдлын талаар анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж ажиллах шаардлагатай зэрэг санал хэллээ.
📌 Түүнчлэн Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй, ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Хиймэл дагуул хөөргөх ТЭЗҮ-ийг шинэчлэх, төслийн нийт өртгийг зөвхөн хиймэл дагуулын үндсэн өртгөөр бус нийт эзэмшлийн өртгөөр тооцох, үр ашигтай хувилбарыг тодорхойлохын тулд олон улсын шалгуураар дахин харьцуулж үнэлэх нь зүйтэй гэж үзсэн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулгадаа дурдав. Ажлын хэсгээс боловсруулсан Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
03/06/2026
ТБХ, АБГББХ: “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ✅
📌 Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хамтарсан хуралдаанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж гишүүдийн олох дэмжлээ. Манай улс 2024, 2025 онуудад Дэлхийн банкны үнэлгээгээр дунджаас дээгүүр орлоготой орон болсон тул Бүгд найрамдах Австри улсын Засгийн газраас авах сүүлийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд 65 сая еврогийн хөрөнгө оруулалт авч ашиглах боломжтой юм.
03/06/2026
✍УИХ-ын Байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/ -ийн хуралдаанаар хэлэлцэх асуудал✅
02/06/2026
ХЗБХ: МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ИРГЭДИЙН 85 ХУВЬ НЬ ЗАЛУУЧУУД БАЙНА ✅
📌 Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.06.02/-ийн хуралдаанаар мопед, скүүтер тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг зөвхөн 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох, насанд хүрээгүй хүүхэд унахгүй байх зохицуулалтыг тусгасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
📌 Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. “Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан, байгууллагад зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд, хүрээ, хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд “захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тухайн байгууллагын дотоод бүтцийн нэгжид олгохыг хориглоно” гэсэн агуулга бүхий зохицуулалтыг нэмэхээр уг хуулийн төслийг боловсруулжээ.
📌 Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
📌 Үргэлжлүүлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд 2017-2025 оны байдлаар улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2100 гэмт хэрэг, 2018 зөрчил бүртгэгдэн, 2422 хүн холбогдсон байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 50.4 хувийг 18-25, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байгаа судалгаа гарчээ. Шинэчилсэн найруулгын төсөлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ангилал, жагсаалтыг дотооддоо зохицуулах, ялын бодлогыг чангатгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, хууль бус эргэлтийг сурталчилсан контентыг хязгаарлах зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.
02/06/2026
ХХНББХ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХҮН АМЫН 94.0 ХУВИЙГ ХАМРУУЛЖЭЭ✅
📌 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.02/-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалд 3.3 сая орчим иргэн хамрагдсанаас даатгалыг нь төрөөс хариуцдаг 2.3 сая иргэн байсан тухай УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлан илтгэлдээ дурдсан. Мөн даатгалын сангийн орлого 2025 оны төсвийн тухай хуулиар 2 их наяд 464.3 тэрбум төгрөг батлагдаж, 2 их наяд 299.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, зарцуулалт 2 их наяд 246.2 тэрбум төгрөг болж, цэвэр ашиг нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэдгийг тодотгов.
📌 Байнгын хорооны гишүүд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, хөнгөлөлттэй эмийн хамрагдалт болон эх орондоо эмчлэгдэж оношлогддоггүй өвчлөлд даатгалын сангаас хэрхэн зарцуулалт хийгддэг талаар асууж тодруулсан.
2025 оны байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны 152,703 хүн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж 25.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ. Мөн гэрээт эмийн сангуудад эмийн үнийн хөнгөлөлтөд зориулж 157.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол манай улсад оношлогдож, эмчлэгддэггүй өвчлөлийг хилийн чанадад эмчлүүлсэн иргэдэд 5.8 тэрбум төгрөг олгосон гэлээ.
📌 Цаашид төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцах иргэдийн шимтгэлийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг татвар төлж буй орлогын хэмжээтэй уялдуулан тогтоох зүйтэй гэх саналыг гишүүд хэлж байв. Түүнчлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцооны реформ хийх, зардлыг хянах, бүрэн цахимжуулах, эрүүл мэндийн даатгалын их өгөгдлийн сан үүсгэх, эмийн худалдан авалт, хөнгөлөлтийг шинэчлэх зэрэг асуудлуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэв.