28/05/2026
“ЦАХИМ ШҮҮХ 2.0” ЦӨМ СИСТЕМИЙН ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИЙН МОДУЛИЙГ ТЕСТИЙН ОРЧИНД ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ НАРТ ТАНИЛЦУУЛАВ
Шүүхийн ерөнхий зөвлөл 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг танилцуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ хуульч, өмгөөлөгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нь тестийн орчинд хэргийн оролцогчийн системийн хөгжүүлэлтийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системтэй уялдуулан танилцуулж, хуульч, өмгөөлөгч нарын сонирхсон асуултад хариулав.
https://www.judcouncil.mn/site/news_full/16024
27/05/2026
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТАРСАН ФУЛБРАЙТЫН “АНГЛИ ХЭЛНИЙ ТУСЛАХ БАГШИЙН ХӨТӨЛБӨР”-Т АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН АЛБАН ХААГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
Шүүхийн ерөнхий зөвлөл Шихихутуг их сургуультай 2025-2030 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд албан хаагчдыг магистр, докторын сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, шүүх дэх сэтгэл зүйчдийг хуулийн сэтгэлзүйн чиглэлээр чадавхжуулах, Англи хэлний анхан болон ахисан түвшний мэргэжлийн сургалт зохион байгуулах, сургалт-эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эрх зүйн чиглэлээр оюутан залуусыг шүүхэд дадлагажуулан мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Тус гэрээний хүрээнд Шихихутуг Их Сургууль болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Фулбрайтын “Англи хэлний туслах багшийн хөтөлбөр” (Fulbright English Teaching Assistant - ETA)-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
https://www.judcouncil.mn/site/news_full/16021@
27/05/2026
ШҮҮХИЙН ШИНЭЧИЛСЭН ЦАХИМ ХУУДСЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд олон нийтэд зориулсан шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор танилцуулж байна.
Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байсан бол шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс бусад 88 шүүх нэгдсэн загвар, нэгдсэн стандарт бүхий цахим хуудсыг ашиглаж эхэлж байна. Ингэснээр иргэд, хэргийн оролцогчид аль ч шүүхийн цахим хуудсанд хандсан ижил бүтэц, ижил хэрэглэгчийн орчинд мэдээлэл авах боломж бүрдэх бөгөөд хурлын тов, зар, мэдээ, шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар авах нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн энэхүү нэгдсэн цахим хуудас нь шүүхийн цахим үйлчилгээ, өгөгдлийн нэгдсэн менежмент, ухаалаг технологид суурилсан ирээдүйн цахим шүүхийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж буй шинэ үүд хаалга юм.
Шинэ цахим хуудас нь UI/UX буюу орчин үеийн хэрэглэгч төвтэй шийдэлд тулгуурлан бүтээгдэж, гар утас болон бусад төхөөрөмжөөс ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хурдан болсон бөгөөд шүүхийн цахим үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн хандалтыг сайжруулсан онцлогтой юм.
Энэхүү цахим хуудас нь зөвхөн мэдээллийн сайт бус, шүүхийн цахим шилжилтийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй нэгдсэн дижитал экосистемийн нэг хэсэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, хэргийн оролцогчийн систем, шүүхийн захиргааны ERP, цахим архив зэрэг дотоод платформуудтай уялдан ажиллах юм.
https://www.judcouncil.mn/site/news_full/16020
Шинэчилсэн веб орчны шийдэл, цахим үйлчилгээ болон хэрэглэгчийн шинэ интерфэйстэй танилцахыг хүсвэл жишээ болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн цахим хуудсаар нэвтэрч үзэх боломжтой. https://mandal.e-court.mn/mandal
26/05/2026
ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ШИЙДЛҮҮДИЙГ “ЦАХИМ ШҮҮХ 2.0” ЦӨМ СИСТЕМТЭЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахимжилтын бодлого, “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд шүүхүүдээс санаачлан боловсруулсан инновацын шийдлүүдийн танилцуулгыг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Үүнд:
• Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “Гүйцэтгэх хуудасны хяналтын систем”-ийг,
• Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “Шүүх хуралдааны дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг,
• Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “JudAi” буюу шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан ухаалаг туслах системийг тус тус танилцуулсан юм.
https://www.judcouncil.mn/site/news_full/16018
25/05/2026
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хооронд өнөөдөр (2026.05.25) харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
https://www.judcouncil.mn/site/news_full/16015
23/05/2026
ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЖ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ
Дархан-Уул аймгийн Найрамдлын талбайд 2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Европын өдөрлөг-2026” арга хэмжээг зохион байгуулж, өдөрлөгт Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд, шүүх эрх мэдлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн болон төрийн бус байгууллага зэрэг нийт 70 гаруй байгууллага оролцов.
Тус өдөрлөгийн үеэр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газар иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө хүргэх чиглэлээр хоёр асар ажиллуулсан бөгөөд эхний асарт нээлттэй шүүх хуралдааны танхимыг тохижуулж, прокурор, цагдаа, өмгөөлөгч, шүүгчийн оролцоотойгоор шүүхийн үйл ажиллагааг танилцуулав. Мөн иргэд шүүх хуралдааны танхимд дурсгалын зураг авахуулж, зургаа газар дээр нь үнэ төлбөргүй хэвлүүлэн авч байлаа.
Хоёр дахь асарт шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлыг сурталчилж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хөгжөөнт тоглоом зохион байгуулан оролцогчдод гарын бэлэг гардуулсан юм.
“Европын өдөрлөг-2026” арга хэмжээг Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй “Twinning” төсөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран зохион байгуулав.
22/05/2026
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээнд цахим платформыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан бүх шатны шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим шүүх 2.0” системийн бэлэн байдал, мэдээллийн аюулгүй байдал болон мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өнөөдөр /2026.05.22/ зохион байгууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр шүүхийн цахимжилт, мэдээллийн аюулгүй байдал, иргэдэд хүргэх үйлчилгээний чанарын ард мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хариуцлагатай, нөр их хөдөлмөр байдгийг онцлов.
Мөн энэхүү сургалт нь зөвхөн техник, тохиргооны мэдлэг олгох бус ирээдүйн ухаалаг, найдвартай цахим шүүхийн дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэн, шүүхийн цөм системд хиймэл оюун ухааны шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, шүүхийн шийдвэр, тогтоолыг системд байршуулахад хэргийн оролцогчдын мэдээллийг нууцлах боломж бүрдсэн талаар танилцууллаа. Ингэснээр шүүгчийн туслах болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн гар ажиллагааны ачааллыг бууруулж, шүүхийн үйл ажиллагааны шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлж буйг дурдав.
Сургалтаар “Цахим шүүх 2.0” системийн админ сургалт, мэдээллийн аюулгүй байдлын чиглэл, Fortinet буюу галт ханын хамгаалалт, ERP системийн эрхийн тохиргоо, шүүхийн зөвлөгөөний тогтоолоор баталсан найруулсан журмыг системд тохируулахтай холбоотой асуудлууд зэрэг практик агуулгатай сэдвүүдийг хэлэлцэв.
Мөн цахим шилжилтийн хүрээнд шүүхийн байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, системийн найдвартай ажиллагаа, кибер аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийн удирдлага болон дотоод системүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт, арга зүйн мэдээлэл өгөв.
Тус сургалт нь шүүхийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хэрэгжилтийг дэмжих, иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, аюулгүй хүргэхэд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.