19/05/2026
🔥 “ХАМТДАА ТУСАЛЪЯ” ХАНДИВЫН АЯН 🔥
2026 оны 5-р сарын 17-ны өдөр “Дуган хад” амралтын газарт байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гал түймрийн аюулт нөхцөл байдал үүдэн гол барилга байгууламж сүйдэж, эд хөрөнгөд нь их хэмжээний хохирол учраад байна.
Гэсэн хэдий ч Дуган хад амралтын газар нь зочдынхоо захиалгат үйлчилгээг тасалдуулахгүй байх зорилгоор хээрийн асар байгуулан хоол үйлчилгээ үзүүлж, Монгол гэрүүдээ нэмэгдүүлэн, үйл ажиллагаагаа шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.
Иймд аялал жуулчлалын салбарын байгууллагууд, хамтран ажиллагчид, найз нөхөд, сэтгэл нэгт Монголчууд та бүхнийг энэхүү хандивын аянд нэгдэж, сэтгэлийн дэм өргөхийг уриалж байна.
🤝 Монголын Аялал Жуулчлалын Холбоо энэхүү хандивын аянд нэгдэж байгаа бөгөөд салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
🏦 Хандивын данс:
Хаан банк
IBAN: 030005005034462427
Лханаажав овогтой Бүрэнтөгс
Жич: Гүйлгээ хийхдээ байгууллагын нэр болон хувь хүний нэр, холбоо барих утасны дугаараа бичнэ үү.
💛 Хамтын хүчээр бид дахин босгоно.
Дуган Хад амралтын газар
15/05/2026
🇲🇳ӨВӨРХАНГАЙ АЙМАГ “BEST DESTINATION” НОМИНАЦИД ШАЛГАРЛАА.👏👏👏
🇭🇰“ART HONG KONG EXPO-2026” арга хэмжээг зохион байгуулагч БНХАУ-ын хэвлэл мэдээллийн томоохон группийн нэг болох Phoenix Media Group-ээс “Шилдэг аяллын зорих газар” шалгаруулах олон нийтийн санал асуулгыг аялал жуулчлалын цахим платформуудаар дамжуулан бүс нутгийн иргэдийн дунд санал асуулга зарласан байна.
✅Уг санал асуулгын үр дүнд Финланд, Турк, Швейцар, Кени зэрэг дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх улс орнуудтай хамт Монгол Улсаас анх удаа “Шилдэг зорих газар”-аар Өвөрхангай аймаг шалгарч, шагналыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд гардан авлаа.
✨ Мөн Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Алтанхүү аймгийнхаа аяллын голлох зорин очих газрууд, өв соёл, аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүнүүдийг олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулан оролцож байна.
🤝Цаашид шагнал хүртсэн аяллын зорих газруудыг “Phoenix Media Group”-ийн мэдээллийн сувгуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах ажлууд үе шаттай хэрэгжих юм.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо
15/05/2026
🇭🇰The 4th “ART HONG KONG EXPO 2026” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
🇲🇳Монголын Аялал жуулчлалын холбоо, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран 2026 оны 05 дугаар сарын 15–18-ны өдрүүдэд Хонгконг хотноо зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд оролцож байна.
✅Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан экспогийн үеэр зохион байгуулагдсан "Олон улсын соёл, аялал жуулчлал" форумын нээлтийн арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, Хонгконгийн жуулчдыг Монгол улсад аялах урсгалыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санал дэвшүүллээ.
📌Мөн тус арга хэмжээнүүдэд Монгол улсаа сурталчлан Хонгконг, Макао зэрэг өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалын зах зээлд Монгол улсаа сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг таниулах зэрэг жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны уулзалтуудыг зохион байгуулж байна.
🌏🇲🇳Welcome to Mongolia
14/05/2026
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх алба болон Гэрэгэ Легал Консалтинг өмгөөллийн фирмтэй хамтран, аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж буйтай холбогдуулан аялал жуулчлалын салбарын байгууллагуудад зориулсан "Аюулгүй байдлын цахим сургалт"-ыг зохион байгууллаа ✅
🎤 Сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ:
🔹 "Гадаадын иргэдийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь"
— ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж
🔹 "Аялал жуулчлалын гэрээнд анхаарах зүйлс, эрх зүйн зохицуулалт"
— Гэрэгэ Легал Консалтинг өмгөөллийн фирмийн өмгөөлөгч Г.Төгөлдөр
🤝 Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Та бүхний идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд баярлалаа👏
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
13/05/2026
PATA Annual Summit 2026 Онцлох үйл явдал:
Бага хурлын хуралдаанууд (1/3) ✨
арга хэмжээний бага хурлын хөтөлбөр албан ёсоор нээлтийн ёслолоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Henry Oh, Noor Ahmad Hamid, NamIl Kim, мөн ChanWoo Park нар оролцож, тус хурлын турш өрнөх хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж нээж үг хэллээ.
Мөн энэ жил Pacific Asia Travel Association байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. “Нөхцөл байдлыг тодорхойлох нь: PATA-гийн 75 жилийн ой” сэдэвт хуралдааны үеэр холбооны хөгжлийн замнал, өв уламжлалыг эргэн дурсахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлох боломж, сорилтуудыг онцлон хэлэлцэв.
PATA-гийн Гүйцэтгэх захирал Нур Ахмад Хамид илтгэлдээ тэсвэртэй байдал, дасан зохицох чадвар, хамтын ажиллагаа болон манлайллыг энэ удаагийн хөтөлбөрийн гол чиглүүлэгч сэдвүүд болохыг онцоллоо. Үүний дараа Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн бусад орны аялал жуулчлалын салбарын удирдлагууд, оролцогч талуудыг нэгтгэсэн сонирхолтой хуралдаан, хэлэлцүүлгүүд үргэлжилсэн юм. 🌏
Оройн арга хэмжээ үндэсний хувцсаараа гоёсон төлөөлөгчдийн оролцоотой, халуун дулаан уур амьсгалтай Гала оройн зоогоор өндөрлөлөө.
12/05/2026
Чин Ван Ханддоржийн өргөө нь "Цагаан лавай” чуулгатай хамтран “Nomadic Theater – Үндэсний урлагийн үзүүлбэр ба соёлын өв” аялал жуулчлалын тусгай хөтөлбөрийн танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
📍Энэхүү арга хэмжээний хүрээнд монгол үндэсний өв соёл, уламжлалт ахуй, үндэсний хоол, ардын урлагийн тоглолтыг олон нийтэд сурталчлан таниулах юм.
Чин Ван Ханддоржийн өргөө цогцолбор нь хотын төвд байрлах бөгөөд 80–150 хүний багтаамжтай хурал, семинар, уулзалт, хүлээн авалт зохион байгуулах зориулалтын хоёр гэр ресторан, музейн үйлчилгээ, 30 гаруй автомашины зогсоол бүхий цогц үйлчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
📍Энэхүү өдөрлөг нь 2026 оны 05 сарын 20-ны өдөр 17:00 цагт Чин Ван Ханддоржийн өргөөнд зохион байгуулагдах тул Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ
Цагаан Лавай Чуулга
12/05/2026
PATA Annual Summit 2026 Онцлох үйл явдал:
Дугуй ширээний хэлэлцүүлгүүд
🔹 Салбарын дугуй ширээний хэлэлцүүлэг
“Эрсдэлээс стратегийн зураглал руу: Мэдлэг, ойлголтыг бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Салбарын дугуй ширээний хэлэлцүүлэгт 50 оролцогч нэгдэж, өнөөгийн аялал жуулчлалын салбарыг тодорхойлж буй чиг хандлага, сорилт болон боломжуудын талаар өргөн хүрээнд санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн зөрчил, тогтворгүй байдлын нөхцөлд аялал жуулчлалын бизнесийн менежментийг хэрхэн үр дүнтэй удирдах асуудлыг DIDA байгууллагын Маркетингийн түншлэлийн захирал Флориан Блуа удирдан хэлэлцсэн бол ахмад насныхан болон олон үеийн хамтарсан аяллын зах зээлийг брэндүүд болон аяллын чиглэлүүд хэрхэн үр ашигтай хөгжүүлэх талаар DD Traveller Research & Brand Consulting-ийн гүйцэтгэх захирал Драго Журов илтгэл тавив. Мөн аялал жуулчлалын бүс нутгууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй байдлаа бэхжүүлэх асуудлыг Guam Visitors Bureau-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Режин Биско Ли хөндөн ярилцлаа.
Үүнээс гадна DBC & Partners Ltd компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Дэвид Барретт нээлтийн илтгэл болон дэлхийн аялал жуулчлалын нөхцөл байдлын тоймыг танилцуулсан бол 12Go (Thailand) Co., Ltd.-ийн Түншлэлийн албаны дарга Гуидо Нэйл бодит жишээнд суурилсан кейс судалгааны илтгэлээ хүргэлээ.
🔹 Боловсролын дугуй ширээний хэлэлцүүлэг
Салбарын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болон оюутны оролцоотой зохион байгуулагдсан Боловсролын дугуй ширээний хэлэлцүүлэг нь аялал жуулчлалын боловсролыг салбарын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад хэрхэн илүү нийцүүлэх асуудалд төвлөрөв.
Хэлэлцүүлгийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварууд, мөн оюутнуудыг салбарын бодит орчинд бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга, туршлагуудыг хуваалцсан бөгөөд энэ нь үе хоорондын болон салбар дамнасан нээлттэй яриа, шинэ үзэл санааг дэмжсэн үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийг Гриффитийн Их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэнгийн захирал Сара Гардинер чиглүүлэн явуулсан бөгөөд Хонг Конгийн Политехникийн их сургуулийн дэд профессор Ада Ло, Мае Фа Луанг их сургуулийн туслах профессор Атитая Патан, Хонг Конгийн Метрополитан их сургуулийн ахлах багш бөгөөд хөтөлбөрийн удирдагч Кэндэс Фу, Бангкокийн их сургуулийн Олон улсын хөтөлбөрийн декан Дуангтида Нунтагпират, мөн Дусит Тани коллежийн Зочлох үйлчилгээ ба Бизнесийн удирдлагын сургуулийн декан Саймон Ллойд нар аялал жуулчлалын салбарын шинэ чиг хандлага, ирээдүйд чиглэсэн ур чадвар, боловсрол болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлгийг удирдан явууллаа.
11/05/2026
PATA Annual Summit 2026 БНСУ-д 2026 оны 5 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
✅ Pacific Asia Travel Association (PATA)-ийн 2026 оны Жилийн дээд хэмжээний уулзалтыг БНСУ-ын Гёнжү, Похан хотууд Gyeongsangbuk-do Culture and Tourism Organization-той хамтран зохион байгуулна.
✅ PATA-ийн түүхэнд анх удаа энэхүү нэр хүндтэй арга хэмжээг хоёр хот хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна. Дээд хэмжээний уулзалт нь дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын салбарын манлайлагчдыг нэгтгэн, салбарын ирээдүйн хөгжилд чиглэсэн мэдлэг солилцоо, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх болно. Энэ бүхэн нь далайн эргийн үзэсгэлэнт байгаль болон соёлын өв уламжлал хосолсон Гёнжү, Похан хотуудын гайхамшигт орчинд өрнөнө.
✅ Энэ жилийн хувьд PATA байгууллагын 75 жилийн ойтой давхцаж буй энэхүү дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагын урт хугацааны өв, ололт амжилтыг хүндэтгэн тэмдэглэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын ирээдүйн зоримог чиг хандлагыг тодорхойлох юм.
✅ Монголын аялал жуулчлалын холбоо нь PATA-д гишүүнчлэлээр албан ёсоор 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр элсэн орсон байна.