03/06/2026
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
https://iaac.mn/3635/nitem
02/06/2026
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 993 хэрэг шалгагдаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шуурхай гаргуулах зорилгоор дүүргийн улсын бүртгэгчид хахууль өгсөн, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчид очих ёстой мөнгийг өгөлгүй өөртөө авсан, тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллах үедээ гүйцэтгэгчдээс хахууль шаардсан, торгуулийг бэлнээр гаргуулан авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, ажил гүйцэтгэгчээс 146,1 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, ажлын гүйцэтгэх гэрээг сонгон шалгаруулалтгүй байгуулж төсвийн мөнгийг шилжүүлсэн зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан Б.М нь өөрийн найз Г.Г-тэй хамтран Зайсангийн аманд байрлах 2329,6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад 30,0 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
https://iaac.mn/3634/nitem
29/05/2026
Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.
Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:
Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Мөрдөгчдийн ажлын хэсэг 135 хүнээс мэдүүлэг авч, 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Авлигатай тэмцэх газар “...нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаа...
29/05/2026
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Гансүрэн нь 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Гансүрэн нь 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод Ж.Дамдинсүрэнгийн ууган хүү болон мэндэлсэн. Нийслэлийн 49 дүгээр сургууль, “Их шавь” дээд сургууль, Удирдлагын академи, “Шихихутуг” их сургуулийг тус тус төгсөж, биеийн тамирын багш, дасгалжуулагч, бизнесийн удирдлага, менежмент, эрх зүйч мэргэжил эзэмшсэн юм.
Тэрээр олон улсын таеквондогийн олон улсын хэмжээний мастер бөгөөд Монгол Улсад энэ спортыг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, олон шавь төрүүлэн монгол хүний тууштай дайчин зан чанар, спортын ёс суртахууныг дэлхий дахинаа таниулсан эрхэм гавьяатай хүмүүн байлаа. Үүний зэрэгцээ Монгол-Японы улс төр, соёл, урлаг, бизнесийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, “Хөх Монгол бүлгэм”, “Хөх тэнгэр зэв” төрийн бус байгууллагын тэргүүн, Олон улсын таеквондогийн холбооны Монголын дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, нийгмийн оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Д.Гансүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдон, авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт өөрийн мэдлэг оюун, чадвар туршлагаа харамгүй зориулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ.
Дамдинсүрэнгийн Гансүрэнгийн улс Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэл, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн зарчимч зан чанар, үнэт зүйл, эх оронч үзэл санаа, эрхэм зорилгодоо хүрэхээр хийж бүтээсэн үйл хэрэг, ажил мэргэжлийн ур чадвар, шударга үнэнийг баримталсан тууштай зүтгэл, нөхөрсөг эгэл дүр төрх нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Э М Г Э Н Э Л
ДАМДИНСҮРЭНГИЙН ГАНСҮРЭН (1976-2026) Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Гансүрэн нь 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зуурда...
04/05/2026
Авлигатай тэмцэх газар нь Авлигын гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллагыг нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл, шалтгааныг судлах, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулах ажлын зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүн саналаа ирүүлэхийг урьж байна. Саналыг доорх хаягаар ([email protected]) цахим шуудангийн хаягаар ирүүлж болно) 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41, Улаанбаатар хот 14250
Холбоо барих утас: 70112402
https://iaac.mn/3601/nitem
04/05/2026
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 977 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.
https://iaac.mn/3600/nitem