27/04/2026
Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын
Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр
Монгол, Вьетнамын харилцаанд сүүлийн жилүүдэд олон чухал ахиц дэвшил гарсан бөгөөд хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах, иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулах, ард түмэн хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх үйл хэрэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Жигжээгийн Сэрээжав үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
Түүний энэхүү хувь нэмрийг өндрөөр үнэлж, 4 дүгээр сарын 24-ний өдөр Ханой хотноо Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Фан Ань Сөн Элчин сайд Ж.Сэрээжавыг урьж уулзан түүнийг нутаг буцахаас өмнө “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медаль-иар шагнахаар шийдвэрлэснийг мэдэгдэж, уг медалийг түүнд зүүж өгөв.
Тэрээр ажиллах хугацаандаа Монголын уран зохиолын сонгомол бүтээлийг нэг “Тунгалаг Тамир” романыг вьетнам хэлнээ хэвлүүлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан билээ.
Түүнчлэн Монголын ахмад дипломатчдын холбооны удирдлагыг Вьетнам улсад айлчлуулж, хоёр орны ард түмний хооронд тогтсон найрcаг хамтын ажиллагааг баяжуулав.
Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны мэдээлснээр, Элчин сайд Ж.Сэрээжав нь 2021 оны 10 дугаар сараас хойш Вьетнам улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, ард иргэд хоорондын хоорондын солилцоо зэрэг олон салбарт идэвхтэй дэмжин, хөгжүүлж ирсэн байна. Ялангуяа иргэд хоорондын ойлголцол нөхөрлөл, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд түүний оролцоо, үүрэг онцгой байсныг тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.
24/04/2026
БНСВУ-ын Гадаад хэргийн сайд Ле Хоай Чунг 4 дүгээр сарын 21-нд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжавыг үүрэгт ажлаа дуусгаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ле Хоай Чунг Элчин сайд Ж.Сэрээжавын Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд оруулсан идэвх зүтгэлийг өндрөөр үнэлэв.
Тэрбээр Элчин сайд Ж.Сэрээжавын бүрэн эрхийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт эрчимтэй хөгжиж, бодит үр дүнд хүрснийг онцлон тэмдэглэв. Мөн 2024 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон нь дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсныг тэмдэглэв.
Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаанд ахиц гарсныг сайшааж, хоёр улсын хооронд байгуулсан олон гэрээ хэлэлцээр нь хоёр талын худалдааг өргөжүүлэх эрх зүйн бат бөх үндсийг бүрдүүлснийг дурдлаа.
Соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо, боловсролын салбарт ч мөн адил ахиц гарсныг онцолж, ялангуяа 2023 онд байгуулсан дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулсан нь харилцааг идэвхжүүлж, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэв.
Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг дахин нотолж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам хөгжүүлэхийн төлөө илүү нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Тэрбээр дээд, өндөр болон бүх түвшний айлчлалын давтамжийг хадгалж, бодлогын уялдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсад цэвэр эрчим хүч болон барилгын салбарт хөрөнгө оруулж буй Вьетнамын аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Уулзалтын үеэр Элчин сайд Ж.Сэрээжав Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Ле Хоай Чунг сайдыг Вьетнамын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдож, Гадаад хэргийн сайдаар улиран томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэснийг уламжлав.
Тэрээр өнгөрсөн хугацаанд Ле Хоай Чунг-ийн Монгол, Вьетнамын харилцааг хөгжүүлэх болон Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яаманд үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Ле Хоай Чунг-ийн дэвшүүлсэн чиглэлүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, цаашид ч Монгол, Вьетнамын найрсаг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.
23/04/2026
Вьетнамын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву 4 дүгээр сарын 22-нд үдийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Сүүлийн жилүүдэд Монгол-Вьетнамын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж, богино хугацаанд томоохон ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагаанд сайхан ирээдүй бий, харилцаа төр засгийн, олон нийтийн дунд идэвхтэй хөгжиж, ард иргэд ойр дотно бие биедээ хандаж байгааг хоёр тал онцоллоо.
20/04/2026
Манай Орхон аймагтай шууд харилцаатай Вьетнамын Дак Лак мужийн Намын хорооны Нарийн бичгийн дарга, Төв хорооны гишүүн Лыөн Нгуен Мин Чийт-тэй энэ 4 дүгээр сарын 17-нд уулзаж, аймаг муж хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Тэрээр өмнө тогтоосон уламжлалт найрсаг харилцааг улам бататган хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
09/04/2026
Туульч, хуурч, хөөмийч Монгол Улсын соёлын элч Эрдэнэцогтын Баатаржав Ханой хотод суралцаж амьдарч байгаа иргэд оюутнуудтай Монголчуудын биет бус өв соёл тууль хайлахуй: сэдэвт уулзалт, ярилцлагын хөтөлбөр
📅 Хугацаа:
• 2026 оны 04 сарын 11-ний өдөр
• 16:00 цагаас
• Үргэлжлэх хугацаа: 2–3 цаг
📍 Байршил:
• Элчин сайдын яам
🎯 Зорилго
• Монголын уламжлалт тууль хайлах урлагийг таниулах
• Оюутнуудад соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах
• Залуу үеийг энэ урлагт татан оролцуулах
📌 Хөтөлбөрийн явц
1. 🟢 Нээлт (10 минут)
• Элчин сайд нээж үг хэлэх
• Зочныг танилцуулах
2. 📖 Танилцуулга илтгэл (20 30минут)
• Тууль хайлах урлагийн үүсэл, хөгжил
• Алдарт туульсууд:
o Жангар
o Гэсэр
3. 🎶 Амьд үзүүлбэр (30–40 минут)
• Уригдсан туульч богино тууль хайлах
4. 💬 Чөлөөт ярилцлага (20 минут)
• Оюутнууд асуулт асуух
• Туульч туршлагаа хуваалцах
• Суралцах боломжийн талаар мэдээлэл
5. 🏁 Дүгнэлт, хаалт (10 минут)
• Талархал илэрхийлэх
• Дурсгалын зураг авах
🧑🏫 Оролцогчид
• Туульч Монгол Улсын Соёлын элч (Э.Баатаржав)
• Оюутнууд
• Иргэд
07/04/2026
https://gogo.mn/r/17w2w2
Вьетнамын ардын дээд прокурорын газраас туршлага судалжээ
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газартай байгуулсан хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд У...
06/03/2026
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Вьетнам Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ 3 дугаар сарын 5-нд БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хүй Диен-тэй уулзав. Уулзалтын үеэр БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хүй Диен хоёр орны прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын байгууллагын төлөөлөгчдийг ойрын хугацаанд хүлээн авч, богино хэмжээний сургалт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Монгол, Вьетнамын хууль сахиулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, хоёр улсын хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол иргэдийг шилжүүлэх асуудлыг нааштай шийдвэрлэн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх боломжийг бүрдүүлэх санал дэвшүүлэв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамын хойд хэсгийн Хай Фонг далайн боомт хотод зочилж, тус хотын Ардын шүүхийн удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд орон нутгийн шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, туршлага солилцох, ижил түвшний шүүхүүдийн хооронд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг орон нутгийн хэмжээнд ч гэсэн өргөжүүлэх чиглэлээр санал нэгдэв.
06/03/2026
ЗАР
Элчин сайдын яамны Консулын ажилтан 2026 оны 03 сарын 06- наас 07-ны өдрүүдэд Фукуок хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээний талаар асууж тодруулахаар бол утасны +84 792413920,
viber 88860195 дугаараар холбогдоно уу.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
05/03/2026
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ВЬЕТНАМ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг БНСВУ-ын Ардын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Нгуен Ван Куанг-ийн урилгаар 2026 оны 3 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Хоёр улсын Ерөнхий шүүгч нар 3 дугаар сарын 4-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хувиар анх удаа хийж буй энэ удаагийн айлчлал нь шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны бат бэх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээний үеэр талууд шүүх засаглалын шинэчлэл, түүнийг дагасан өөрчлөлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохирлоо. Түүнчлэн харилцан туршлага судлах, сургалт, судалгааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын хүрээнд талууд “Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Вьетнам Улсын Шүүхийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд шүүгч, шүүгчид нэр дэвшигч болон шүүхийн ажилтнуудыг харилцан айлчлуулах, туршлага солилцох, харилцан зохион байгуулж буй олон улсын хурал болон бусад эрдэм шинжилгээний арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээж бие биеэ дэмжиж ажиллахаар боллоо.
Мөн өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг БНСВУ-ын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг-д бараалхаж, Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, гуравдагч хөрш болох БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааны ач холбогдол, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нотолж, Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг хоёр улсын шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа бэхжсэнээр иргэдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцолж, Ерөнхий шүүгч Д.Ганзоригоор уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйгаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд 3 дугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй Дээд шүүхийн төлөөлөгчид Вьетнамын Шүүхийн академид зочилж, тус академийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Хай Фонг хотод зочилж, тус хотын Ардын шүүхийн удирдлуудыг хүлээн авч уулзаж, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.